ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ЧАДАЛТАЙ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦУУД ХААНА БАЙДАГ ВЭ?

Дэлхийн улс орнууд нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлөө бататгах, геополитикийн аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай байдлаа хангах, хүрээлэн буй орчинд ээлтэй бөгөөд хямд эрчим хүчний эх үүсвэр ашиглах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлогоо хэрэгжүүлэхэд цөмийн эрчим хүч болон цөмийн технологийг өргөнөөр ашиглаж байна. Цөмийн эрчим хүч нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй онцлогтой тул хүн төрөлхтөнд тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход чухал ач холбогдолтой болохыг олон улсын эрдэмтэн, судлаачид онцолдог ба энэ нь цаашлаад хямд эрчим хүчний эх үүсвэр, олон талын зориулалтаар ашиглаж болох зэрэг бусад эрчим хүчний эх үүсвэрээс давуу талуудтай.

Дэлхийн цөмийн нийгэмлэг (World Nuclear Association)-ээс 2023 оны 12 дугаар сард гаргасан мэдээллээр дэлхийн 31 улсад 413 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10.5 хувийг хангаж байна. Одоогоор дэлхийн 18 улсад 58 реактор шинээр баригдаж байгаагаас 26 нь манай хөрш улсуудад (БНХАУ-23, ОХУ-3) баригдаж байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн тэргүүлэгч улс болох АНУ нь 1960-аад оноос хойш цөмийн эрчим хүчээр дэлхийд тэргүүлэгч улс байсаар ирсэн бөгөөд 96 цөмийн реактор нь 95.8 ГВт суурилагдсан хүчин чадалтайгаар улсынхаа эрчим хүчний хэрэглээний 18.2 хувийг хангаж байгаа бол Франц улсын хувьд нийт эрчим хүчний 62.6, Украин улс эрчим хүчнийхээ 55 хувийг цөмийн эрчим хүчний станцаар хангаж байна.

Эдгээр цөмийн эрчим хүчний станцуудын хамгийн их хүчин чадалтай, мөн хаана байрладаг нь хүмүүсийн сонирхлыг их татдаг бөгөөд эдгээр станцуудыг товчхон дурдъя.

1. 8814 МВт дэлхийн хамгийн том цөмийн цахилгаан станцуудын чансааны эхний байранд ордог станц нь Фукушима-1 ба Фукушима-2 юм. Фукушима-1 нь Японы Окума хотын ойролцоо ижил нэртэй мужийн нутаг дэвсгэр дээр байрладаг ба барилгын ажил 1960-аад оны дунд үеэс эхэлсэн байна. Цахилгаан станц 1971 онд ашиглалтанд орж 40 жилийн дараа хүчтэй цунами, газар хөдлөлтийн улмаас реакторуудын хөргөх төхөөрөмж эвдэрчээ. Фукушима-2 нь Нараха хотын ойролцоо байрладаг. 1982 онд ашиглалтанд орсон. Дээрх ослын улмаас Фукушима-2 мөн одоогоор ажиллагаагүй байдаг.2011 он хүртэл Фукушимагийн цөмийн цахилгаан станц нь дэлхийн хамгийн томд тооцогддог байсан.Одоогийн байдлаар цахилгаан станц руу 10 км-ээс дотогш ойртохыг хориглодог.


2. 7965 МВт Кашивазаки–Карива нь дэлхийн хамгийн том цахилгаан станцуудын чансааны хоёрдугаар байранд ордог. Энэ нь Японы Нигата мужид байрладаг. Барилгын ажил 1977 онд эхэлсэн бөгөөд найман жилийн дараа станц бэлэн болжээ.Тус цөмийн цахилгаан станц нь долоон реактороос бүрддэг.


3. 6000 МВт Запорожья цөмийн эрчим хүчний станц нь Украин улсын Запорожье мужийн Энергодар хэмээх хотод байрладаг. Запорожья станц нь Европын хамгийн том цөмийн эрчим хүчний станц бөгөөд зургаан реактортой. 1984 онд анхны реакторыг барьж эхлүүлсэн.


4. Өмнөд Солонгосын цөмийн салбарын нэг бахархал нь Ханбитийн цөмийн эрчим хүчний станц юм. 5875МВт хүчин чадалтай станц нь Йонгван хотод байрладаг тул түүнийг ихэвчлэн Ёнван цөмийн эрчим хүчний станц гэж нэрлэдэг.


5. Норд нь Францын хамгийн том цөмийн цахилгаан станц ба хүчин чадал нь 5460МВт юм. Станц нь Дункерк тосгоноос холгүй Хойд тэнгисийн эрэг дээрх үзэсгэлэнт газар байрладаг. Тус станц нь 1974-1984 онд 11 жилийн хугацаанд баригдсан зургаан энергийн блоктой.


6. 5320МВт-Палюэльцөмийн цахилгаан станц нь Францын дээд Норманд хэсэгт байрлах бөгөөд ажилчдын багагүй хэсэг нь Нормандын ард иргэд байдаг.


7. 5200МВт-Каттном. Францын Лотаринги хэсэгт байрладаг бөгөөд тус станц нь бага талбайд байршдаг онцлогтой.


8. 4693МВт- Брюс. Канадын Онтарио мужид байрладаг. Энергийн 8блоктой.


Сонирхуулахад:

Сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчний станц барих ажлыг эрчимтэй явуулж буй БНХАУ 53 ГВт суурилагдсан чадалтай 55 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, шинээр 23 реактор баригдаж байгаа ба 23724 ГВт-аар суурилагдсан чадлаа нэмэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар нийт цахилгаан эрчим хүчнийхээ 5 хувийг хангаж байгаа бөгөөд тус улсын шийдвэр гаргагчид нүүрсний цахилгаан станцын тоог бууруулж ирэх 20 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлж, 2030 он гэхэд дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч улс болно хэмээжээ.

https://ru.wikipedia.org/wiki/%D0%A1%D0%BF%D0%B8%D1%81%D0%BE%D0%BA_%D0%90%D0%AD%D0%A1_%D0%BC%D0%B8%D1%80%D0%B0

https://aem-group.ru/mediacenter/informatoriy/rejting-samyix-moshhnyix-aes-v-mire.html

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй