АНУ-ын Сенат ОХУ-аас уран импортлохыг хориглох тухай хуулийг баталлаа

ОХУ-д буюу ОХУ-ын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бага баяжуулсан уран (LEU)-ыг АНУ-д импортлохыг хориглосон ОХУ-ын уран импортлохыг хориглох тухай хууль АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд очиж, гарын үсэг зурах үлдээд байна.

Уг хуулийн төсөлд ОХУ-д үйлдвэрлэсэн бага баяжуулсан уранаас гадна “хориотой уранаар сольсон эсвэл хоригийн хязгаарлалтыг тойрох замаар өөр аргаар олж авсан” бага баяжуулсан ураныг импортлохыг хориглоно гэж АНУ-ын Сенатаас мэдээлжээ. Гэхдээ “АНУ-ын цөмийн эрчим хүчний компаниуд цөмийн эрчим хүчний реакторуудыг үргэлжлүүлэн ажиллуулахын тулд бага баяжуулсан ураны өөр боломжит эх үүсвэр байхгүй”-г тогтоовол, мөн уран импортлох нь үндэсний эрх ашигт нийцсэн гэж үзвэл Эрчим хүчний яам нь энэхүү хоригоос татгалзах магадлалтай аж. Тус улсын хөнгөлөлттэй нөхцлөөр уран импортлох хэмжээ нь хязгаарлагдмал бөгөөд хөнгөлөлтийн чөлөөлөлт нь 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болох юм.

Бага баяжуулсан ураны импортыг хориглох хууль батлагдсан өдрөөс хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд 2040 онд дуусгавар болох аж.

АНУ-ын Сенатын Эрчим хүч, байгалийн нөөцийн хорооны дарга Жо Манчин болон Жон Баррассо тэргүүтэй хоёр намын сенаторууд уг хуулийн төслийг батлах нь АНУ-ын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлж, цөмийн эрчим хүчнийг нэмэгдүүлэх болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. “Манай хоёр намын хууль тогтоомж нь Оросын дайны машиныг санхүүжүүлэхгүй байх, Америкийн ураны үйлдвэрлэлийг сэргээх, Америкийн цөмийн түлшний нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулалтыг эхлүүлэхэд тусална.” “Дотоодын ураны түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд 2.72 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ” гэжээ.

Украйны цөмийн оператор “Энергоатом” компани 2022 онд дайн эхэлснээс хойш ОХУ-ын цөмийн түлшний хэрэглээг зогсоож, эцэстээ тус улсад цөмийн түлшний бүрэн эргэлт бий болгохыг зорьж байгаагаа мэдэгдэж, Эрчим хүчний сайд нь АНУ-ын Сенатын энэхүү “түүхэн шийдвэр”-ийг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэртэй алхам гэж тодорхойлжээ.

Мөн энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын уран үйлдвэрлэгч Energy Fuels Inc Икс (X) дээр “Бид цөмийн зах зээл дээр хариуцлагатай үйлдвэрлэгч бөгөөд АНУ-г уранаар хангахад бэлэн байна” гэж жиргэжээ.

Түүнчлэн АНУ-ын уран үйлдвэрлэгч Uranium Energy Корпорацийн ерөнхийлөгч нь хэлэхдээ уг хуулийн төсөл нь АНУ-ын эрчим хүч, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлж, Оросын ураны импортоос хараат байдлыг зогсооно. “Энэхүү шинэ хууль нь саяхан батлагдсан Цөмийн түлшний аюулгүй байдлын тухай хуультай уялдаж АНУ-ын айл өрх, мэдээллийн төв, аж үйлдвэрийн баазын эрчим хүчний түлшээр хангахын тулд АНУ-ын ураны үйлдвэрлэлийн урт хугацааны өсөлтийн бат бөх суурийг бий болгож байна” гэв. Uranium Energy Корпораци нь өнгөрсөн оны 08 дугаар сард АНУ-ын Вайоминг мужид ураны үйлдвэрлэлээ дахин эхлүүлэхээр ажиллаж байгаа ба 2025 онд Техас дахь үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байна.

АНУ-ын Цөмийн эрчим хүчний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Мария Корсник хэлэхдээ “Уран хувиргах, баяжуулах дотоодын өрсөлдөх чадварыг сэргээх төсөвт тусгагдсан 2.72 тэрбум ам.долларыг гаргахын тулд ОХУ-ын ураны импортыг хориглох шаардлагатай”, одоо байгаа флотод үйлчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, дараагийн үеийн цөмийн зэвсгийг байрлуулахад олон жил шаардлагатай. Эдгээр чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь нэн чухал юм гэжээ.

АНУ-ын Цөмийн эрчим хүчний хүрээлэн болон манай гишүүд ОХУ, Украйны дайны дараах 2 жил гаруйн хугацаанд дотооддоо найдвартай түлш нийлүүлэх замыг бий болгохоор ажиллаж байна. Бид цөмийн түлш дэх үйл явц нь үр ашигтай, урьдчилан таамаглах боломжтой, АНУ-ын чадавхыг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэхүйц хөтөлбөр боловсруулах тал дээр Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/US-Senate-passes-act-banning-Russian-uranium-impor

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй