Казатомпром компани 1 дүгээр улирлын мэдэгдлээ гаргалаа

Казахстаны үндэсний атомын компани Казатомпром 2024 оны эхний улиралд ураны олборлолтын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг өссөн, үндсэн төлөвлөгөөний үзүүлэлт өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Казатомпромын 1 дүгээр улирлын мэдэгдэлд хүхрийн хүчлийн шинэ үйлдвэр байгуулах төлөвлөгөөний шинэчлэлтийг мөн оруулсан байна.

Энэ оны 1 дүгээр улиралд 5077 тонн уран үйлдвэрлэсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу бол 100%-ийн гүйцэтгэлтэй, 2023 оны 1 дүгээр улиралд 4744 тонн уран олборлосонтой харьцуулахад 7%-иар өссөн дүнтэй байна. Тус компани 2024 онд 21,000-22,500 тонн уран үйлдвэрлэх төлөвлөгөөгөө өөрчлөөгүй хэвээр байгаа боловч Орос, Украйны дайны улмаас хориг арга хэмжээний хүрээнд хүхрийн хүчил зэрэг үйлдвэрлэлийн зарим түүхий эдийн хүртээмж тодорхойгүй байдалд байна гэж тэмдэглээд жилийн үйлдвэрлэлийн хэмжээ дотоод хүлээлтээс өөрчлөгдөх боломжтой гэв.

Мөн ОХУ-ын баяжуулсан ураныг АНУ-д импортлохыг хориглох тухай хууль өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Сенатаар батлагдаж, Ерөнхийлөгч Ж.Байден гарын үсэг зурах гэж байгаа нь Казатомпромын байгалийн ураны үйлдвэрлэлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж тус компаниас мэдэгдэв. “Казатомпром болон түүний хамтарсан түншүүд тээвэрлэсэн эсэхээс үл хамааран Казахстанаас гаралтай уран нь хувиргах байгууламжид очих хүртлээ гарал үүслээ хадгалах болно” гэж тус компаниас онцолжээ.

Казахстаны баруун, хойд бүс нутагт саяхан хүчтэй үер болсон ч уран олборлох, боловсруулах, тээвэрлэх үйл ажиллагаанд ямар нэгэн саад учраагүй, Казатомпроын бүх аж ахуйн нэгжүүд ямар ч тасалдалгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгааг мэдэгдэв. Түүнчлэн Казахстан дахь үерийн нөхцөл байдлыг хянаж, чухал дэд бүтцүүдийг сэргээх, гамшигт өртсөн иргэдэд дэмжлэг үзүүлэхэд тус компани хувь нэмрээ оруулж байна гэв.

2023 онд Казатомпром хүхрийн хүчлийн шинэ үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр Taiqonyr Qyshqyl Zauyty LLP (TQZ) нэртэй компани байгуулсан бөгөөд TQZ үйлдвэрийн барилгын ажил хийгдэж, үйлдвэрлэл эхэлнэ гэж найдаж байгаа аж. Тус үйлдвэрийн үйл ажиллагааны бүтцийн өөрчлөлт, төслийн зураг төслийн баримт бичгийг батлах хугацаа хойшлогдсоны улмаас ашиглалтад оруулах хугацаа мөн 2026 оноос 2027 он хүртэл хойшлогдоод байна. TQZ нь төслийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн худалдан авалт, техникийн дэмжлэгийг хариуцаж буй Италийн Ballestra фирмтэй хамтран ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Kazatomprom-issues-quarterly-update

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй