Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэнд оруулах

Уран нь дэлхийн царцдас, далай тэнгис, гол мөрөнд өргөн тархсан бөгөөд нь алтнаас 500 дахин, мөнгөнөөс 40 дахин элбэг оршдог. Хүний биед 90-150 микро-грамм уран агуулагддаг. Ураныг боловсруулж, нийгэм-эдийн засгийн олон салбарт ашигладаг бөгөөд үндсэн хэрэглээ нь эрчим хүчний салбарт байдаг.

Уран нь алт, мөнгө шиг байгаль дээр дангаараа оршдоггүй. Байгаль дээрх ураны хүдрийг олборлоод, боловсруулах үйлдвэрт химийн аргаар боловсруулан ураны шар нунтгийг гарган авдаг. Уурхайгаас 0.1 хувь буюу түүнээс бага агууламжтай (1 тонн хүдэрт ойролцоогоор 200 грамм уран) ураны хүдрийг боловсруулах үйлдвэрт боловсруулснаар 80 орчим хувийн уран агуулсан (1 тоннд 800 кг) исэл (U3O8) буюу бидний ярьж заншсанаар “шар нунтаг”-ийг гарган авдаг. Өнөөдрийн байдлаар ураныг ил уурхай, далд уурхай, газрын дор уусган олборлох гэсэн үндсэн 3 аргаар олборлож байна.

Монгол Улсын хувьд 1940-өөд оны сүүлээр зүүн болон зүүн өмнөд хэсэгт геологийн сэдэвчилсэн судалгааны ажил хийгдэж эхэлснээр цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа эхэлсэн гэж үздэг. БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1970 оны хэлэлцээрийн дагуу ураны геологийн судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт төрөлжүүлэн явуулах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи- зураглалын экспедици, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгууллагууд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Судалгааны ажил үндсэндээ 1990 он хүртэл үргэлжилж геологийн судалгаа, хайгуулын өргөн хүрээтэй ажил хийгдсэн бөгөөд судалгаанд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь хамрагдсан байна.

Олон жилийн судалгааны үр дүнд ураны 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, 6 орд /Дорнод, Гурванбулаг, Мардай, Нэмэр, Улаан, Нарст/-ын нөөцийг ЗХУ /хуучнаар/-ын Ашигт малтмалын нөөцийн комисс /УАМНК/-оор хэлэлцүүлж бүртгүүлсэн. Нийтдээ 1.4 сая тонн ураны тойм баялгийг үнэлсэн байдаг ба 1989-1995 онд Дорнодын ордоос ойролцоогоор 500 тонн уран бүхий 490 мянган тонн хүдэр олборлож, ЗХУ-д экспортолсон талаар албан бус мэдээ байдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ураны 13 орд /Дорнод, Улаан, Хараат, Хайрхан, Гурванбулаг /төв хүдрийн биет/, Дулаан-Уул, Гурвансайхан, Өлзийт, Зөөвч-Овоо, Нэмэр, Мардайн гол, Энгэр ар, Далт/-ын хэмжээнд 192 гаруй мянган тонн геологийн нөөц тогтоогдож, улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэгдсэн байдаг.

УИХ-ын 2009 оны 45 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Төрөөс баримтлах бодлогод ураны ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах, батлагдсан цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, ураныг хүдэр хэлбэрээр экспортлохгүй байх, ураны бүтээгдэхүүнийг гадаад улсад энхийн зориулалтаар экспортлох, ураны ордыг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын хөгжилд үзүүлэх дэмжлэгийн талаар тодорхой нөхцөл, шаардлагуудыг тусгасан.

Мөн 2009 батлагдсан Цөмийн энергийн тухай хууль нь цацраг идэвх ашигт малтмал, цөмийн энхийг энхийн зорилгоор ашиглах, түүнтэй холбоотой хүн ам, хүрээлэн буй орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай холбоотой асуудлуудыг бүхлээр нь зохицуулсан салбарын үйл ажиллагаанд мөрдөх суурь баримт бичиг юм.

 2020 оны 12 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 4 аймгийн 13 сумын нутагт нийт 187.2 мянган гектар талбайд 7 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын 9, хайгуулын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.12 хувийг эзэлж байгаа бөгөөд 2009 онд тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэсэн үетэй харьцуулахад 20 дахин буурсан байна.

БНФУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Бадрах Энержи” ХХК, БНЧУ-ын хөрөнгө оруулалттай, хамтарсан “Гурвансайхан” ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хунбөө”, “Шинь Шинь” ХХК-иуд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд “Бадрах Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо ордыг ашиглах төсөл нь олборлолтод бэлтгэгдэж буй төсөл юм.

Цаашид дэлхий дахины цөмийн эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, эрчим хүчний аюулгүй байдал, эрдэс баялгийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэргээс хамаарч улс орнуудын цөмийн эрчим хүчний бодлого өөрчлөгдөн цацраг идэвхт ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байгааг олон улсын байгууллагуудаас мэдээлж байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй