Их Британи Улсын Бага чадлын модуляр реакторын сонгон шалгаруулалтанд зургаан компани дараагийн шатанд шалгарлаа.

Их Британийн Засгийн газар 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 24 ГВт хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд бага чадлын модуляр реактор (SMR) нь энэхүү стратегийн гол хүчин зүйл юм.

Энэ оны эхээр тус улсын Засгийн газар болон Great British nuclear компани нь эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор бага чадлын модуляр реакторын технологийг ашиглах сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн.

Дэлхий даяар хөгжлийн өөр өөр үе шатанд 70 гаруй төрлийн бага чадлын модуляр реакторын загварууд, тэдгээрийн хэд нь сонгон шалгаруулалтанд орсон нь тодорхойгүй байна. Их Британийн цөмийн байгууллагын үзэж байгаагаар 2030-аад оны дундуур "Бага чадлын модуляр реакторын үйл ажиллагааг эхлүүлэх нь хамгийн оновчтой" гэж дүгнэсэн байна. Хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг 2029 онд гаргахаар төлөвлөсөн.

Сонгон шалгаруулалтын дараагийн шатыг "аль болох хурдан эхлүүлж, хангалттай үзүүлэлттэй компаниуд Засгийн газрын гэрээнд оролцох боломжтой болно. 2024 оны хавар аль компанийг Засгийн газар дэмжихээ зарлаж, 2024 оны зун гэрээ байгуулах бодолтой байна" гэжээ.

Их Британийн Эрчим хүчний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Клэр Коутиньо хэлэхдээ: "Бага чадлын модуляр реакторууд нь Их Британид цөмийн эрчим хүчийг эрчимтэй өргөжүүлэх, Британийн ард иргэд, бизнесүүдэд хямд, цэвэр, аюулгүй эрчим хүч хүргэх, цалин сайн, өндөр ур чадвар бүхий ажлын байр бий болгож, эдийн засгийг хөгжүүлэхэд тусална. Их Британи энэхүү дэвшилтэт технологийг хөгжүүлж, цөмийн инновацийн салбарт байр сууриа бэхжүүлэхэд тэргүүлэх эгнээнд бичигдэнэ" гэжээ.

GE Hitachi Цөмийн Эрчим хүчний ХХК-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Жей Вилман хэлэхдээ "Манай бага чадлын модуляр реакторын технологи Их Британийн цөмийн сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэнд баяртай байна. Манай BWRX-300 бага чадлын модуляр реактор нь Их Британийн эрчим хүчний аюулгүй байдал, нүүрстөрөгчийг бууруулах зорилтуудад хангахад тохиромжтой шийдэл гэж үзэж байна. Канад, АНУ, Польш Улсаас манай технологид хөрөнгө оруулж байгаа. Бид дараагийн шатанд орохдоо Их Британийн нийлүүлэлтийн сүлжээг үргэлжлүүлэн хөгжүүлэн, Great British Nuclear-тай хамтран ажиллахдаа таатай байна" гэжээ.

Rolls Royce SMR-ийн гүйцэтгэх захирал Крис Чолертон: "Rolls Royce SMR бол дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, нүүрстөрөгчийг бууруулах зорилтод хүрэх Их Британийн шийдэл юм. Бид сонгон шалгаруулалтын шийдвэрт сэтгэл хангалуун байгаа ба гэрээгээ тохиролцож, Засгийн газарт 2050 он гэхэд 24 ГВт хүртэл цөмийн эрчим хүч нийлүүлэх зорилгод хүрэхэд нь туслах дараагийн шат руу шилжихийг эрмэлзэж байна. Бид Европын аюулгүй байдлын хяналтын шийдвэрийг авсан цор ганц бага чадлын модуляр реакторын технологитой ба үүнийг бид өрсөлдөгчдөөсөө бараг хоёр жилийн өмнө сэдсэн. Дотооддоо гэрээг хийх нь цэвэр эрчим хүчний технологио дэлхийн экспортод гаргах боломж юм" гэсэн байна.

Westinghouse компанийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Патрик Фрагман: "Их Британийн цөмийн компанид ахиц дэвшил сайн байгаад баяр хүргэе. Бид илүү найдвартай, цэвэр эрчим хүчний ирээдүйг бий болгохын төлөө дэвшилтэт AP300 SMR технологийг санаачилсандаа баяртай байна. Westinghouse нь Их Британи болон дэлхийн цөмийн өв, туршлагад тулгуурлан Их Британийн эрчим хүчний аюулгүй байдлын бодлогыг дэмжих болно. AP300 SMR бол Их Британийн хувьд сайн сонголт болохыг харуулахыг тэсэн ядан хүлээж байна."

NuScale-ийн VOYGR SMR нь АНУ-ын Цөмийн Хяналтын Хороо (NRC) баталгаажуулсан цор ганц реактор ба дэлхий дахинд 10 гаруй орон үүнийг ашиглах гэж байна. Загвар дизайнаа "даралтат усан хөргөлттэй реакторын технологид суурилсан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, төвлөрсөн халаалт, давсгүйжүүлэлт, арилжааны хэмжээний/масштабын устөрөгчийн үйлдвэрлэл болон бусад дулааны процесст ашиглахад зориулагдсан" хэмээн тодорхойлжээ.

HoltecBritain-ийн 160 МВт хүчин чадалтай бага чадлын модуляр уран нь бага баяжуулсан ураны түлш ашигладаг даралтат хөнгөн усан реактор юм. Holtec компани нь Их Британид SMR-160 загварын ерөнхий үнэлгээнд хамрагдах хүсэлт гаргасан. Үүнийг хэлэлцэж буй орнуудын тоонд Украин багтаж байгаа бөгөөд энэ оны эхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. 2029 оны 3 дугаар сар гэхэд эрчим хүч нийлүүлэх зорилтыг тавьж, улмаар улс даяар 20 хүртэлх бага чадлын модуляр реакторыг нийлүүлэх боломжтой.

Францын төрийн өмчит EDF компани одоогоор Их Британид Хинкли Пойнт Си гэх цөмийн эрчим хүчний станц барихаар ажиллаж байгаа нь тус улсад хэдэн арван жилийн дараах анхны шинэ цөмийн эрчим хүчний станц юм. Мөн Сайзвелл Cи-д "ижил" үйлдвэр барихаар төлөвлөж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын шийдвэрийг хүлээж байна. Тус компанийн NuWardSMR нь "технологийн гол шинэчлэл бүхий даралтат усан реакторын технологид суурилсан" юм. Барилгын ажил 40 сарын хугацаатай, 2030 онд Франц Улс дахь анхны үйлдвэрийнхээ бетон зуурмагийг үйлдвэрлэх зорилттой ажиллаж байна.

Great British nuclear компани энэ оны эхээр технологийн хөгжлийг дэмжих санхүүжилт, талбайн тусгай дизайн, бүтээн байгуулалт зэрэгт хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх эцсийн шийдвэрт дэмжлэг үзүүлэхээр "дөрвөөс дээш" технологи сонгон авахаа мэдэгдэв.

Мэдээллийн эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/UK%C2%A0SMR-selection-contest-Six-companies-into-next

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй