БНХАУ-ын шинэ станцын бэлтгэл ажил эхлэв.

Хятадын Үндэсний цөмийн корпорац (CNNC) Жэжян мужийн Нинбо хотод Жинкюмэнь цөмийн эрчим хүчний станц (ЦЭХС)-ын эхний ээлжийн барилгын ажлыг эхлүүлэх шав тавих ёслол боллоо.

Жинкюмэнь станцын I-р үе шатанд 1200 МВт хүчин чадалтай хоёр Hualong One реактор барихыг БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн 2023 оны 12-р сарын 29-ний өдрийн хурлаар баталжээ. Тус станцын 1, 2-р блок нь үндэсний төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд аюулгүй байдлын иж бүрэн үнэлгээнд хамрагдсан гэж CNNC мэдээлэв.

CNNC-ийн охин компани CNNC Zhejiang Energy Co Ltd нь шинэ станцын төслийн хөрөнгө оруулалт, барилга, ашиглалтын менежментийг хариуцах бөгөөд зургаан Hualong One реактор бүхий блокийг барих юм.

CNNC-ийн мэдээлснээр эдгээр 6 блок бүгд ашиглалтад орсноор Жинкюмэнь станцын нийт суурилагдсан эрчим хүч 7.2 ГВт, цахилгаан сүлжээнд холбогдох цахилгаан эрчим хүч жилд 55 ТВтцаг болох бөгөөд энэ нь нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 50 сая тонноор бууруулсантай тэнцэх аж.

CNNC-ийн Hualong One загварын нотолгоо/бодит үзүүлэн болсон эхний хоёр реакторыг Хятадын Фүжянь мужийн Фүчин станцад 2021, 2022 онд 5, 6 дугаар блок болгон ашиглалтад оруулжээ. Мөн CNNC тус мужийн Жанжоугийн станцын 1, 2 дугаар блокийн хоёр Hualong One реакторуудын барилгын ажлыг 2019, 2020 онд тус тус эхэлсэн бол Хайнань мужийн Чанжянгийн станцын 3, 4 дүгээр блок болох хоёр Hualong One реакторын барилгын ажлыг 2021 оны 3 сар болон 12 дугаар сараас тус тус эхлүүлээд байна.

Түүнчлэн Пакистан улсын Карачи ЦЭХС-ын 2, 3 дугаар блок болгон Hualong One (HPR1000) хоёр реакторыг 2015, 2016 онд барьж ашиглалтад оруулсан нь CNNC-ийн хувьд тус загварын цөмийн эрчим хүчний реакторын анхны экспорт юм.

Цаашид Пакистан улсын Пенжаб муж дахь Чашма ЦЭХС-ын 5 дугаар блок болгон Hualong One загварын нэг реакторыг барихаар төлөвлөж байгаа ажээ.

Мэдээллийн эх сурвалж: Дэлхийн цөмийн мэдээллийн сайт

https://www.world-nuclear-news.org/Articles/Preparations-begin-for-new-Chinese-plant

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй