УРАНЫ ОЙРЫН ИРЭЭДҮЙ

Б.БААТАРЦОГТ Цөмийн энергийн комиссын Ажлын албаны тамгын газрын дарга

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба Хөгжлийн байгууллагын Цөмийн эрчим хүчний агентлаг (OECD/NEA) болон ОУАЭА-ийн хамтарсан Ураны бүлгийн 59 дэх уулзалт” 2024 оны 02 дугаар сарын 14- 16-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотноо болж өнгөрлөө. Ураны бүлэг нь Эдийн засгийн хамтын ажиллагаа ба Хөгжлийн байгууллагын Цөмийн эрчим хүчний агентлаг (OECD/NEA) болон ОУАЭА-ийн хамтын удирдлага зохион байгуулалттай, гишүүн орнууд дундаасаа удирдлага, нарийн бичгийн дарга нараа 2 жил тутамд сонгодог хамтын удирдлагатай байгууллага юм.

УРАН БҮЛГИЙН ЕРӨНХИЙ ЗОРИЛГО НЬ:

  • Дэлхийн ураны нөөц, олборлолт, нийлүүлэлт, хэрэгцээг судалж тайлагнах;

  • Ураны эрэлтийн төсөөлөлтэй уялдуулж нийлүүлэлтийн боломж, хамаарлыг судлах;

  • Гишүүн орнууд болон холбогдох олон улсын бусад байгууллагатай хамтран ураны нөөц, хайгуул, олборлолтын технологийн чиглэлээр техникийн мэдээлэл солилцохыг дэмжих;

  • Цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардлагатай урт хугацааны ураны хангамжийг хангахын тулд авч болох арга хэмжээг NEA болон ОУАЭА-д санал болгож байна.

  • Тус группийн үндсэн ажлын нэг нь “Улаан ном”-ыг (“Red book”) хоёр жил тутамд хэвлэн нийтлэх явдал бөгөөд уран олборлох салбарын байгаль орчныг хамгаалах арга туршлага гэх мэт сонирхсон бусад сэдвүүдийг авч үздэг. Мөн ураны үйлдвэрлэлд нөлөөлж болзошгүй бүх үйл явцыг хянадаг байна.

Ураны бүлгийн гишүүдийг тухайн орны Засгийн газраас санал болгодог. Тэдгээрийн дотор ураны геологи, олборлолт, боловсруулалтын чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд болон үйлдвэрлэл, судалгааны байгууллагуудын мэргэжилтнүүд багтсан байна.

“Улаан ном” нь анх 1965 онд хэвлэгдэн гарснаас хойш 28 дахь нь хэвлэгдээд байна. Энэ жилийн уулзалтад гишүүн 44 орон тус бүр өөрийн орны ураны нөөц баялаг, хайгуул, олборлолтын үйл ажиллагааны талаарх илтгэл, мэдээллийг танилцуулж хэлэлцүүллээ.

ДЭЛХИЙН УРАНЫ НӨӨЦ

Дэлхийн хэмжээнд 4000 тн-оос дээш нөөц бүхий ураны ордуудыг нэгтгэн ОУАЭА-ийн UDEPO мэдээллийн санд оруулж нэгдсэн статистик тоо хэмжээг гаргасан байна.

a) Хамгийн олон орд бүртгэгдсэн орон нь АНУ (79), Канад (71), ОХУ (63), Бүгд Найрамдах Казахстан (53) байгаа бол Монгол Улсаас 10 орд бүртгэгдэж 15-рт орж байна. Нийт 50 оронд ураны орд бүртгэгдсэнээс 35 оронд 7 ба түүнээс цөөн тооны ордууд бүртгэгдсэн байна.

b) Ураныг хамгийн их хэрэглэдэг буюу хэрэгцээ шаардлага ихтэй орноор АНУ 19340 тонн, БНФУ 7370 тонн, БНХАУ 6865 тонн, ОХУ 5000 тонн жилд (2018 оны байдлаар) нэрлэгдсэн байна. Нийт 31 орон ураныг их бага хэмжээгээр хэрэглэдгээс 16 орон нь 630 тн/жилд-оос бага хэмжээтэй хэрэглэдэг байна.

c) Ураны нөөцийн хэмжээгээр Австрали 1,692,700 тонн, Казахстан 906,800 тонн, Канад 594,900 тонн, ОХУ 486,000 тонн зэрэг улс тэргүүлж байгаа бол Монгол Улс 143,500 тонн ураны (<USD130/kgU) нөөцөөр 10-рт жагсаж байна.

Дэлхийд Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Канад Улс, Оросын Холбооны Улс тогтоогдсон ураны нөөцөөрөө тэргүүлж байна.

1. АВСТРАЛИ УЛС 1,692,700 тонн ураны нөөцтэй бөгөөд энэ нь дэлхийн ураны нөөцийн 28 хувийг эзэлж байна. Австрали улс уран олборлолтоор дэлхийд Казахстаны дараа хоёрдугаарт ордог ба ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлж байна. Австралийн хамгийн том ураны нөөц бүхий орд нь “Олимпик Дам” юм.

2. КАЗАХСТАН УЛС 906,800 тонн ураны нөөцтэй бөгөөд дэлхийн ураны нөөцийн 15 хувийг эзэмшиж байна. Казахстан улс нь ураны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг ба ордууд нь тус улсын төв болон өмнөд бүс нутагт голчлон оршдог. Тус улсын хамгийн том ураны уурхай Inkai уурхайг Камеко корпораци эзэмшдэг. Тус улс 2 цөмийн цахилгаан станцыг барихаар төлөвлөж байна.

3. КАНАД УЛС 564,900 тонн ураны нөөцтэй, энэ нь дэлхийн ураны нөөцийн 9 хувийг эзэлж байна. Ураны дөрөв дэх том олборлогч Канад улс нь ураны нөөцөөрөө тэргүүлэгч орнуудын гуравдугаарт ордог ба Хойд Америкт Камеко компанийн Сигар Лэйк, МакАртур Ривэр ураны хоёр том уурхай байдаг. Саскачеваны Атабаска сав газар нь ураны геологи хайгуулын гол төв нь бөгөөд хамгийн өндөр ураны агуулгатай орд илрэлүүд тогтоогдсон байна. Канадын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 15 орчим хувийг цөмийн эрчим эзэлдэг. Цөмийн эрчим хүчний дэд бүтцэд 19 цөмийн эрчим хүчний реактор багтдаг юм.

4. ОХУ 486,000 тонн ураны нөөцтэй, дэлхийн ураны нөөцийн найман хувийг эзэлж байна. ОХУ-ын дотоодын ураны олборлолтыг үндэсний “Росатом” түүний охин компани болох АРМЗ гүйцэтгэдэг. Приаргунскийн далд уурхайг эзэмшдэг, Өмнөд Сибирийн Вершинное ордыг мөн ашиглаж байна. ОХУ-ын Засгийн газар улс орныхоо өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахад ураны нөөцөө ашиглан ойрын жилүүдэд ураны олборлолтоо нэмэгдүүлэх сонирхолтой байна. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээлснээр ОХУ-ын нийт эрчим хүчний 19 хувийг цөмийн эрчим хүч бүрдүүлдэг. Одоогийн байдлаар тус улсад 28,578 МВт цахилгаан үйлдвэрлэдэг 38 цөмийн реактор ажиллаж байна. Нэмэлтээр 3 реактор байгуулагдаж, 27 реакторыг төлөвлөн, 21 реакторыг мөн байгуулахаар зорьж байна.

5. НАМИБИ УЛС 448,500 тонн ураны нөөцтэй. Энэ нь дэлхийн ураны нөөцийн 7 хувийг эзэлж байна. Дэлхийн гурав дахь том уран олборлогч Намиби Улс нь ураны нөөцөөрөө тэргүүлэгч орнуудын тавдугаарт ордог. Африкийн улсын Ланжер Хэйнрич уурхайг Паладин Энержи эзэмшдэг бол Россинг уурхайн дийлэнх хувийг Рио Тинто эзэмшдэг, эдгээр уурхайнууд нь дэлхийн ураны үйлвэрлэлийн 10 хувийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн Намибийн томоохон ордуудад Хусаб ураны уурхай, Россинг уурхайн ойролцоо орших “Орано” группын эзэмшдэг Трэккопже ордууд багтдаг.

Figure 1.1. Global distribution of identified recoverable conventional uranium resources (<USD 130/kgU as of 1 January 2021)

Зураг.1 Дэлхийн хэмжээнд тогтоогдсон ураны нөөц, 2021.01.01 15 улс дэлхийн нөөцийн 95% -ийг эзэмшдэг (үлдсэн 5% нь бусад 24 орон)

Зураг.2 Ураны нөөцийг эзэмшиж буй орнууд

ХҮСНЭГТ.1 Тогтоогдсон нөөцийн хэмжээ (Identified recoverable resources) 2021.01.01

Төмрийн хүдрээс бусад ашигт малтмалын геологи хайгуулын зардалд 2023 онд дэлхий даяар 12.7 тэрбум америк доллар зарцуулсан байна. Энэ зардлын 2 орчим хувь буюу 250 сая орчим америк долларын хөрөнгийг ураны хайгуулд зарцуулжээ.

Төмрийн хүдрээс ашигт малтмалын хайгуулын зардал жил бүрээр 1997-2023 он Эх сурвалж. S&P Global market intelligence

ОЙРЫН ИРЭЭДҮЙ

Австрали, Канад, Хятад, Казахстан зэрэг оронд ураны хайгуулын ажилд нэлээд хөрөнгө оруулалт хийгджээ.

БНХАУ-ын төрийн өмчит CNNC компани 2021-2022 онд ураны хайгуулд 1660000 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэжээ.

УРАНЫ ОЛБОРЛОЛТ

Ураны нөөц тогтоогдсон дэлхийн 40 орчим орон байгаагаас 15 орон олборлолт явуулж, 2021 онд 47800 тонн, 2022 онд 49355 тонн уран тус тус олборлосон байна. Үүнээс, 2022 онд Казахстан улс 21227, Канад 7351, Намибиа улс 5613, Австрали улс 4553 тонн уран олборлосон бол Казатомпром, Камеко, Орано компаниуд олборлолтоороо тэргүүлжээ. Ураныг уламжлалт уурхайн арга (ил, далд уурхай), газрын дор уусган олборлох аргаар болон дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр олборлодог. 1990 онд нийт олборлосон ураны 55%- ийг далд уурхайн аргаар олборлож байсан бол 1999 онд 33%, 2000 оноос шинэ уурхайнууд ашиглалтад орсноор далд уурхайн олборлолт 40% болж өссөн. Газрын дор уусган олборлох арга нь 1960-аад оноос эрчимтэй хөгжиж эхэлжээ. 2022 оны байдлаар нийт олборлосон ураны 56%-ийг тус аргаар, 38%-ийг уламжлалт уурхайн аргаар, үлдэх хэсгийг холимог металлын ордоос дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр олборлосон байна.

Эх сурвалж. World uranium mining production, World nuclear association

Зураг. 3 Дэлхийн ураны үйлдвэрлэл 2021.01.01

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦААШДЫН ТӨЛӨВ, УРАНЫ ХЭРЭГЦЭЭ

2020 оны сүүлийн байдлаар 55 гигаватт хүчин чадал бүхий III үеийн цөмийн эрчим хүчний станцууд Эдийн засгийн хамтын ажиллагаа ба Хөгжлийн байгууллагын гишүүн бус орнуудад нэлээд баригдаж байна. Цаашид шинээр баригдаж байгаа болон байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа III үеийн цөмийн эрчим хүчний станцуудын хүчин чадал 2050 онд гэхэд 300 гигаватт хүрэхээр байгааг дурдаад энэ нь 23 гигатонн хуримтлагдсан нүүрсхүчлийн хийг 2020-2050 оны хугацаанд бий болгохоос зайлсхийх боломжтой юм байна. Ойрын 5-10 жилийн хугацаанд бага дунд чадлын атомын цахилгаан станц буюу SMR-ын үйлдвэрлэл, зах зээлд нэвтрэх боломжтой байгааг дурдаад 2035 он гэхэд SMR-ын нийт зах зээл 21 гигаватт хүрэх боломжтой гэж үзсэн байна.

2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар дэлхийн 31 оронд 413 атомын цахилгаан станц ажиллаж байна. Үүнээс,

  • АНУ – 93

  • Франц – 56

  • Хятад – 55

  • ОХУ – 37

  • Өмнөд Солонгос – 26

  • Канад – 19

  • Энэтхэг – 19

  • Япон – 12 тус тус ажиллаж байна.

Шинээр 58 атомын цахилгаан станц 17 оронд баригдаж байна. Үүнээс,

  • Хятад – 23

  • Энэтхэг – 8

  • Турк – 4

  • Египт – 3

  • ОХУ – 3

  • Англи – 3

  • Өмнөд Солонгос – 2

Зураг. Ураны нийлүүлэлт ба хэрэгцээ, Тонн уран. Эх сурвалж. Дэлхийн цөмийн нийгэмлэг

ДҮГНЭЛТ, САНАЛ

- Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг чухал хэсэг нь цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх, ашиглах талаар дэлхийн улсууд бодлогын хувьд нэгдэн “ногоон эрчим хүч” хэмээн зарлаж байна.

- Цөмийн эрчим хүчний өсөлттэй холбоотойгоор дэлхийн зах зээлд ураны эрэлт хэрэгцээ 2035 он хүртэл 28 хувиар өсөх таамаглалыг олонулсын байгууллага, шинжээчид танилцуулж байна.

- Дэлхийн зах зээл дээр ураны үнэ 2020-2024 онд 270 хувиар буюу 3.7 дахин өсч, ураны геологи хайгуулын хэмжээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.

- БНХАУ өөрийн дотоодын ураны хэрэгцээгээ хангахын тулд геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, Өвөр Монгол, Шинжаан уйгурын нутагт хайгуул өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж байна.

- Бид ураны салбарын зах зээлд тогтоогдсон нөөц, геологийн хэтийн төлөвийн хувьд өрсөлдөхүйц байдлаа ашиглаж хөрөнгө оруулалтыг татах нь зүйтэй байна.

- Манай улс ураны тогтоогдсон нөөцөөрөө дэлхийд 11-т эрэмбэлэгдэж байгаа бөгөөд цаашид олборлогч орон болж эрдэс баялаг, уул уурхайн салбараа солонгоруулах шаардлагатай байна.

ЭХ СУРВАЛЖ, АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Дэлхийн эрчим хүчний төлөв байдал-2022, Дэлхийн эрчим хүчний агентлаг. https://worldnuclear.org/gallery/the-world-nuclear-fuel-reportexpanded-summary.aspx

ОУАЭА, ЭЗХАХБ-ын Цөмийн энергийн агентлаг хамтран 2 жил тутам гаргадаг ураны олборлолт, эрэлт, нийлүүлэлтийн талаар “Улаан ном-2022” тайлан

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй