Никола Мас: Уран олборлоод гаргаж байгаа улс оронд ашигласан цөмийн түлшний хаягдал хэзээ ч эргэж ирэхгүй

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Зөөвч-Овоо орд нөөцөөрөө сүүлийн 10 жилд нээгдсэн хамгийн том ураны ордын нэгд тооцогдож байна.

Тус ордын үйлдвэрлэлийн туршилт эхэлсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэгч “Бадрах Энержи” компанийн 66 хувийг эзэмшигч, Францын "Орано Майнинг" компанийн Гүйцэтгэх захирал Никола Мас өнгөрсөн долоо хоногт Монголд хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр түүнтэй “Зөөвч-Овоо” төсөл болон уран, цөмийн эрчим хүчний салбарын талаар ярилцлаа. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байгаа энэ үед Монгол Улс ногоон эрчим хүчний түүхий эд экспортлохын зэрэгцээ хэрэглэгч болох ч боломж байгааг онцолсон юм.

-Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилт өнгөрсөн долдугаар сард эхэлсэнтэй холбоотой таныг Монголд ирж байгаа гэж ойлгож байна. Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг ”Орано Майнинг” компанийн хувьд Монгол дахь төслийн ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ? -"Зөөвч-Овоо" бол “Орано Майнинг” компанийн хувьд маш чухал төсөл. Ойролцоогоор 30-35 жилийн хугацаанд хэрэгжих томоохон төсөл байгаа. Нөгөө талаас Монгол-Францын стратегийн ач холбогдол бүхий салбар дахь хамтын ажиллагаа бодитоор биеллээ олж байна гэж хэлж болно. 

Францын тал 66 хувь эзэмшдэг бол Монголын тал 34 хувийг эзэмшиж байгаа. 

Манай төсөл 20 гаруй жилийн өмнө эхэлж байсан. Таны хэлсэнчлэн одоо бол үйлдвэрлэлийн туршилтын шатанд явж байна. Үйлдвэрлэлийн туршилт ирэх жилийн эхэн үе хүртэл үргэлжлэх ёстой. 

“Орано Майнинг” компанийн хувьд энэхүү үйлдвэрлэлийн туршилт газар доор уусган олборлох технологиор уран олборлох боломжтойг батлан харуулах нөхцөл бүрдүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Монгол Улсын хувьд анх удаа уг арга техникийг ашиглаж байгаа тул мөн энэ аргаар уран олборлох боломжтой гэдгийг хүн бүр нүдээрээ харж, үүнд итгэх боломж бүрдүүлж байгаагаараа чухал төсөл юм. 

-Монголд ирээд хийсэн уулзалтуудынхаа үр дүнгээс хуваалцахгүй юу, таны хүлээлтэд хүрсэн үү?

-Би дөрөв дэх удаагаа Монгол Улсад ирж байна. Энэ дөрвөн удаагийн айлчлалыг харвал энэ удаагийнх хамгийн үр дүнтэй нь гэж хэлнэ.

Миний бодлоор үйлдвэрлэлийн туршилт эхлээд амжилттай, хэвийн явж байгаагаас гадна хэрхэн яаж уран олборлож байгаа нь  олон хүнд итгэл төрүүлсэн болов уу гэж харж байна. Өнөөдөр урьд урьдынхаасаа олон хүн энэ төслөөс Монгол Улсад бий болгож буй боломжийн талаар ярьж байна. 

-Хэтийн төлөв, боломжийн талаар илүү тодруулахгүй юу? Монгол Улсад ямар боломжууд энэ төслөөс бий болох вэ?

-Улс төрийн түвшинд яривал энэ төсөл нь Монгол, Франц хоёр улсын түншлэлийг бодитой хэрэгжүүлж байгаа төсөл. Франц улстай холбогдож, Франц улстай хийж байгаа хамтын ажиллагааны том илэрхийлэл юм. 

Нөгөө талаар, энэ төсөл нь шинэ ашигт малтмалыг олборлож эхэлж байгаа гэдгээрээ Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх боломжийг олгож байна.

Гуравдугаарт, уран нь нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг олгож байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс их хэмжээний шатах ашигт малтмал буюу нүүрс экспортолж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үед нүүрсний хэрэглээ улам бүр багасна. Ийм үед ураныг экспортод гаргаснаар нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр эрчим хүч үйлдвэрлэх үйлсэд том хувь нэмэр оруулна.  Илүү бодит боломжийн тухайд, төсөл хэрэгжсэнээр ирээдүйд 1,000 орчим ажлын байр бий болгож байгааг дурдаж болно. Үүнд шууд болон шууд бус ажлын байр багтаж байгаа ба 98 хувь нь монгол ажилтнууд байх юм. 

Төсөл хэрэгжих нийт хугацаандаа татвар, хураамж хэлбэрээр Монгол Улсын төсөвт 1 тэрбум ам.доллар төвлөрүүлнэ. Дорноговь аймгийн хэмжээнд мэдэгдэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг нийгмийн төсөл хөтөлбөрт оруулна. 

-Нэг тэрбум долларын татвар төлнө гэж байна. Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд эхний 10-т бичигдэж байгаа. Ийм нөөцтэй улсын хувьд тэрбум долларын өгөөж бусад улстай харьцуулахад хэр зэрэг өгөөж вэ?

-Зөөвч-Овоогийн ураны уурхай нь дунд хэмжээний ураны уурхай болно л доо. Хамгийн жижиг ураны уурхайнууд жишээ нь жилд 1,000 хүрэхгүй тонн буюу цөөн хэдэн зуун тонн уран үйлдвэрлэдэг бол хамгийн том уурхайнууд нь жилд 7,000 орчмыг үйлдвэрлэн гаргадаг. Зөөвч-Овоогийн хувьд жилд ойролцоогоор 3,000 тонн уран үйлдвэрлэн гаргана. 

Татвар хураамжийн хувьд Монгол Улсад өөр бусад улс орнуудын жишигт байх хэмжээний татвар, хураамж авахыг зорих болов уу гэж бодож байна. 

Бидний хувьд уурхай ажиллах нийт хугацаанд 1 тэрбум ам.долларын татвар хураамж нь төлнө гэдэг нь мэдээж жилдээ 7,000 тонныг олборлож байгаа уурхайгаас бага ч 1,000 хүрэхгүй тонн уран олборлож байгаа уурхайтай харьцуулахад илүү өндөр хэмжээний татвар хураамж төлнө гэсэн үг. Тэгэхээр 1 тэрбум доллар бол нэлээд сайн орлого бүрдүүлэлт гэж харж байна. 

Үүнээс гадна Монгол Улсын хувьд ямар төрлөөр орлого төвлөрүүлэх вэ гэдэг шийдвэрээ гаргах болов уу. Татвар хураамжуудаараа дамжуулан энэ төслөөс илүү орлого бүрдүүлэх эсвэл, орон нутагт хэрэгжих нийгмийн төсөл хөтөлбөрүүдэд илүүтэй хөрөнгө оруулалт татах уу гэдэг дээр хөрөнгө оруулагч биш, харин Монгол Улс өөрөө шийдвэрээ гаргана гэж бодож байна. 

Цөмийн эрчим хүчний гол давуу тал нь жилийн 365 хоногт, өдөр, шөнийн аль ч цагт, салхи байгаа үгүйгээс үл хамааран нүүрстөрөгчийн хий ялгаруулалгүйгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж

-Олборлох технологийн талаар та түрүүн дурдсан. Орон нутгийн иргэдийн хувьд ч тэр, монголчуудын хувьд ч тэр байгаль орчны асуудал хамгийн их анхаарал татаж байгаа. Тэгэхээр энэ төслийн технологи үнэхээр байгаль орчинд ээлтэй байж чадах уу?

-Юуны өмнө байгаль орчны хамгаалал зөвхөн Монголын талд бус мөн Францын талд ч гэсэн эн тэргүүнд тавигддаг чухал асуудал гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь энэ төсөлд хэрэглэх технологи маань байгаль орчинд хамгийн бага нөлөөлөл үзүүлдэг.

Энэ технологийн онцлог нь уурхайн нүх үүсгэдэггүй, газар доор уурхай байгуулах шаардлагагүй, уран олборлох хүдрээ газрын гадарга дээр ил гаргаж ирдэггүй тул хүдрийн хаягдлын менежментийн асуудал үүсдэггүй. Уурхайн олборлолт дуусаад нөхөн сэргээлт хийхэд тухайн газрыг уурхайн өмнөх байгалийн унаган төлөвт буцаагаад аваачих бүрэн боломжтой. 

Уг технологиос байгальд үлдэх ул мөр хамгийн бага, хамгийн бага эрчим хүч, хамгийн бага хэмжээний ус ашигладаг. Үүний зэрэгцээ  энэ технологи нь дэлхий нийтэд маш сайн танигдсан технологи.

Учир нь өнөөдөр дэлхийд олборлож байгаа нийт ураны 50 хувийг газар доор уусган олборлох энэ технологиор олборлож байна. 

Өнөөдрийн байдлаар олборлолтын энэ техникийг Төв Азид маш их хэрэглэж байна. АНУ хэрэглэж байсан, цаашид хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Канад, Африкт ашиглах судалгаанууд хийгдэж байгаа. 

Энэ технологийг Монгол Улсад анх удаа ашиглах гэж байгаа нь үнэн. Тиймдээ ч энэ технологийг бүрэн хянах боломжтой гэдгийг Монгол Улсын эрх бүхий байгууллагын мэргэжилтнүүд, нутгийн иргэд, малчдад батлан харуулж, тэдний итгэлийг олох нь чухал юм. 

-Сая хаягдлын талаар ярилаа. Манайх шар нунтаг экспортлогч улс болж байгаа. Тэгэхээр олон улсад цөмийн хаягдлын асуудал яригддаг. Монгол Улс хаягдлын тал дээр экспортлогч орны хувьд ямар нэгэн үүрэг хүлээх үү. Эсвэл түүхий эд учраас хамаарахгүй юу?

-Их сайхан асуулт тавилаа. Цөмийн хаягдал нь шар нунтаг экспортолж байгаа улстай ямар ч хамаагүй. Ураныг экспортлоод цахилгаан үйлдвэрлэгч компаниудад зардаг. Цахилгаан үйлдвэрлэгч компаниуд тухайн ураныг цахилган эрчим хүч гарган авахдаа ашиглана. Тийм учраас цахилгаан үйлдвэрлэгч компаниуд ашиглаж байгаа ураны бүтээгдэхүүн болон цөмийн цахилгаан станцын хаягдлаа хариуцдаг. Олон улсын эрх зүйн зохицуулалтаар цөмийн түлшний хаягдлыг уран экспортолж байгаа улс руу буцааж илгээхийг хориглодог.  

Түүнээс гадна Монгол Улсын хувьд байгалийн уран буюу ашигт малтмалыг гадагшаа экспортолно. Монгол Улс ураныг цөмийн цахилгаан станцад ашиглаагүй байна. 

Энэ талаарх олон улсын хууль эрх зүйн зохицуулалт маш тодорхой байдаг. Ямар нэгэн давхардсан санаа агуулдаггүй учраас эргэлзээ төрүүлэх зүйл байдаггүй.

-Ер нь ураныг цөмийн эрчим хүчний салбарт цөмийн эрчим хүч гарган авах тал дээр болон хаягдал боловсруулах, дахин ашиглах тал дээр ямар шинэ дэвшилт технологи олон улсад нэвтэрч байна вэ. Хаягдлаа дахин ашиглах боломж болон жижиг станцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Таны асуултад хариулахаасаа өмнө нэг зүйлийг тодруулж хэлэхийг зөвшөөрнө үү. Ураны уурхай гэдэг бол зүгээр л уурхай,  цацраг идэвхт ашигт малтмалын уурхай. Энэ бол цөмийн байгууламж биш юм. 

Ураны уурхай биш, цөмийн салбарын тухай яривал, сүүлийн үед цөмийн салбар дахь судалгаа, хөгжүүлэлтийн ажлууд хоёр чиглэлд төвлөрч байгаа.

  • Нэг нь илүү бага оврын реактор үйлдвэрлэх

  • нөгөө нь цөмийн реакторт ашигласан түлшийг дахин боловсруулах тал дээр төвлөрч байгаа.   

Том реактор ашиглах шаардлагагүй улс орон, хотуудад жижиг оврын цөмийн реактор ашиглах чиглэлд судалгаа, хөгжүүлэлтийн ажил явагдаж байна. 

Нөгөө талаас, ашигласан цөмийн түлшний судалгаа, хөгжүүлэлтийн ажил нь ашигласан цөмийн түлшний дахин боловсруулалтыг сайжруулах, дээрээс нь тэндээс гарч байгаа эцсийн хаягдлын сөрөг нөлөөллийн хугацааг багасгах, амьдралын хугацааг богиносгох тал дээр төвлөрч байгаа. 

Цөмийн салбар дахь бүх хаягдал буюу бүх ашигласан түлшийг нэг бүрчлэн бүртгэж, бүрэн хянахын зэрэгцээ нэг ч хаягдал байгаль орчинтой шууд харилцан үйлчлэл буюу шууд контактад ордоггүй. Ганц цөмийн салбарт л ийм зохицуулалт байдаг буюу өөр бусад аж үйлдвэрийн нэгэнд нь ч ийм нарийн чанд зохицуулалт байдаггүй.

Тэгэхээр таны асуултад өгч байгаа хариултаа нэг зүйлээр дуусгамаар байна. Ураны уурхай болон ашигласан цөмийн түлш хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй. Уран олборлоод гаргаж байгаа улс оронд ашигласан цөмийн түлшний хаягдал хэзээ ч эргэж ирэхгүй гэдгийг дахин хэлье. 

""Зөөвч-Овоо" ураны төсөл нь Монгол Улсын хувьд экспортын ашигт малтмалаа төрөлжүүлэх боломж болохоос ашигласан цөмийн түлштэй холбоотой асуудал огтоос үүсгэхгүй юм.

-Монгол Улсын Цөмийн эрчим хүчний талаар баримтлах бодлого дээр алсдаа цөмийн эрчим хүч ашиглах тухай өгүүлбэр орсон байдаг. Хэрэв манай улс жижиг оврын цөмийн эрчим хүчний станц ашиглавал боломжтой гэж та харж байна уу?

-Тийм ээ. Яагаад болохгүй гэж?

Аливаа нэг улсад цөмийн эрчим хүч ашиглахад нь саад болох зүйл гэж байх ёсгүй. Өнөөдөр Хойд Америк, Латин Америк, Африк, Европ, Ази гээд бүх л тивд цөмийн реактор ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хэрэгцээний ихээхэн хувийг шатах ашигт малтмалаар үйлдвэрлэн гаргаж байна. Ингэж эрчим хүч үйлдвэрлэх нь нүүрстөрөгчийн хий ихээр ялгаруулдаг. 

Ирээдүйд Монгол Улс үйлдвэрлэн гаргаж байгаа нүүрстөрөгчийн хийгээ багасгах шаардлагатай тулгарна. Тэгэхэд эрчим хүчээ шатах ашигт малтмалаар биш өөр бусад эрчим хүчний эх үүсвэрээр орлуулах хэрэгтэй болох болов уу. Магадгүй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн зэрэгцээ цөмийн эрчмийг ч ашиглаж болох юм. 

Монгол Улс шийдвэр гаргана, ингэхдээ бага оврын цөмийн реактортой болох уу, эсвэл том реактор барих уу гэдгээ өөрөө шийднэ. Гурав дахь хувилбар нь, хөрш улсууддаа байгаа цөмийн станцад хувь эзэмшилтэй болоод тэндээсээ цөмийн эрчим хүч авах байж болно. Тухайлбал, Европт Швейцар улс Франц дахь цөмийн реакторуудад хувь эзэмшилтэй явж ирсэн.  

Энэ бол Монгол Улсын гаргах шийдвэр. Монгол Улсын бодлого тодорхойлогч, цаашлаад Монгол Улс нь ардчилсан улс тул Монголын ард түмний шийдвэрээс хамаарах болов уу.

-Франц улс цөмийн эрчим хүчний салбартаа эргэлт хийж, ногоон эрчим хүч болохыг Европын холбоогоор баталгаажуулчихлаа. Үнэхээр ногоон эрчим хүч болон аюулгүй байдлын тал дээр санаа зоволтгүй юу? Манай улс энэ төрлийн эрчим хүч ашиглах сонголт хийлээ гэхэд итгэлтэй байж болох уу? 

-Цөмийн эрчим хүчний гол давуу тал нь жилийн 365 хоногт, өдөр, шөнийн аль ч цагт, салхи байгаа үгүйгээс үл хамааран нүүрстөрөгчийн хий ялгаруулалгүйгээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж юм. 

Ийм давуу талтай  эрчим хүч үйлдвэрлэх гурван арга л байдаг. Үүнд:

  • Боломжтой бүс нутагт газрын гүний дулаан ашиглаж эрчим хүч гаргах (геотерм),

  • Гол, мөрөн нь хөлддөггүй бүс нутагт  усан цахилгаан станцаар эрчим хүч үйлдвэрлэх,

  • Гурав дахь нь цөмийн эрчим хүч. 

Тийм ч учраас хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн том сорилт болох уур амьсгалын дулаарлыг шийдвэрлэхэд цөмийн эрчим хүчний оруулах хувь нэмрийг Франц улс төдийгүй Европын холбоо хүлээн зөвшөөрлөө. 

Яг л ийм шалтгаанаар өдөр бүр олон улс орон цөмийн эрчим хүчийг ашиглах шийдвэр гаргаж байна. Тэдгээрийн тоонд Орос, Канад, Хятад, Англи, АНУ, Пакистан, Египет улсыг дурдаж болж байна. 

Зөөвч-Овоо уурхайн ажилтнуудын жилд авах цацрагийн тунгийн дээд хэмжээ нь боржин чулуу ихтэй бүс нутагт амьдардаг энгийн иргэдийн авах шарлагын тунгаас ч бага

-Монгол Улсын талаарх асуудалдаа эргээд оръё. Үйлдвэрлэлийн туршилт 1.5 жил үргэлжилнэ гэсэн. Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээ хэзээ хийгдэж, үндсэн үйл ажиллагаа хэдийд эхэлнэ гэж төлөвлөж байгаа вэ?

-Энэ бол зөвхөн манай төсөл биш, "Зөөвч-Овоо" бол Монгол, Францын хамтарсан төсөл гэдгийг дахин тодотгомоор байна. 

Таны асуулт руу эргээд ороход, хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ энэ жилдээ багтаад эхэлнэ. Гэрээг бол ирэх хоёр жилдээ багтаад байгуулна гэж төлөвлөж байна. 

Үүний дараа хөрөнгө оруулах шийдвэр гарна. Араас нь үндсэн үйлдвэрлэл эхэлнэ. 

Хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээг эхлүүлэхэд тохиромжтой мөч ирээд байна гэж харж байна. Нэг талаас, үйлдвэрлэлийн туршилт амжилттай явагдаж, бид олборлолтын технологио бүрэн эзэмшсэн болохыг хүн бүр харж байна. Нөгөө талаас, уур амьсгалын өөрчлөлт дэлхийн улс орнуудын хувьд улам хурцаар тавигдаж, уран, цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүргийг хэзээ хэзээнээс илүү хүлээн зөвшөөрч байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс Шинэ сэргэлтийн бодлогоор шинэ шинэ хөрөнгө оруулалт дээр тулгуурлах,  олборлож буй ашигт малтмалаа төрөлжүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ. 

Энэ долоо хоногт “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК болон Засгийн газрын төлөөлөл болсон байгууллага, хүмүүстэй уулзаж ярилцаж байхад Монголын талаас бидний нэгэн адил "Зөөвч-Овоо" төслийг урагшлуулах, амжилттай явуулах хүсэл эрмэлзэлтэй байна. 

-Зөөвч-Овоо ордоос гадна цаашдаа нөөцөө нэмэгдүүлэх, хайгуул хийх сонирхол, төлөвлөгөө байгаа юу?

-Тийм ээ. Гэхдээ хугацааны хувьд хараахан болоогүй байна. Өнөөдрийн хувьд бид өөрсдийн болоод “Мон-Атом” компани, Монголын Засгийн газрын анхаарал болон хүчин чармайлтыг Зөөвч-Овоо ураны ордын үндсэн үйлдвэрлэлийг эхлүүлэхэд төвлөрүүлэхийг хүсэж байна.  

Монгол Улс ураны арвин нөөцтэй гэж боддог. Монгол Улсын хувьд ураны хайгуул хийгдээгүй бүс нутаг олон байгаа. Гэхдээ төсөлд оролцож байгаа бүх талууд төслийн амжилтад бүрэн дүүрэн итгэлтэй байх тохиолдолд уг ураны арвин нөөцийг амжилттай хөгжүүлэх боломж бүрдэнэ. Үүний тулд эхлээд "Зөөвч-Овоо" төсөл бодит жишээ болох ёстой юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн хооронд  зөрчилдөөн байна. Өнөөдөр, хууль эрх зүйн зохицуулалтын хувьд хайгуулаа амжилттай хийгээд төслийн хөгжүүлэлтийн шат руу шилжихэд асар хүндрэлтэй учирч байна. Манай төсөл Цөмийн энергийн тухай хууль батлагдахаас өмнө эхэлж байсан. Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулаа хийгээд төслийн хөгжүүлэлтээ хийгээд явах боломжтой байсан бол Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаар хоёр хуулийн хооронд зөрчилдөөн үүсэж, бүх зүйл амаргүй болсон. 

Эрх бүхий байгууллагууд энэ хуулиуд зөрчилдөж байгааг сайтар ойлгож байгаа тул эдгээр хуулиудаа илүү боловсронгуй болгож, дээрх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгох тал дээр анхааран ажиллаж байгаа. 

-Монгол Улс хөрөнгө оруулаад ажиллахад үүнээс өөр ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ? 

-Бидэнд таарсан томоохон саад бэрхшээлийн нэг нь зарим нэг ТББ-уудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан явдал юм. Бидний харж байгаагаар зарим ТББ худал цуу яриаг санаатай тарааж, Дорноговь аймгийн ард иргэдийг хүссэнээрээ удирдсан. 

Ойлгоход хүндрэлтэй байгаа л даа. Эдгээр ТББ нь үнэхээр өөрсдөө санаа  зовсондоо ингэж эсэргүүцээд байна уу, эсвэл эргээд өөрсдөө гаднын нөлөөнд орсны улмаас ийм зүйл хийсэн үү гэдгийг ойлгоход хүндрэлтэй байна. Гэхдээ нэг л зүйл тодорхой байна. Энэ нь юу вэ гэвэл, эдгээр ТББ-ууд Дорноговь аймагт ажиллаж, амьдарч байгаа иргэд, малчдыг хуурсан. Тэд ард иргэдийн дунд худал, цуу яриа тараасан. 

Бидний хувьд анх удаа л ТББ-уудын зүгээс ийм их хэмжээний худал цуу яриаг тарааж байгаатай Монгол Улсад нүүр тулж байна. Ард иргэд, малчид худал ярьж байгаа зүйл огтхон биш, харин  ТББ-ын зүгээс ард иргэд, малчид руу чиглэсэн худал яриа, ухуулгыг хийж, төөрөгдүүлж байна. 

Ураны уурхайнууд Австрали, Канад, Казахстан, Узбекистан, Нигерт ажиллаж байна. АНУ, Францад ч байсан. Ураны уурхайгаас болоод мал элдэв гажигтай төрж, тэр нь хүнд хүртэл элдэв гажиг болон үргүйдлээр илэрч байна гээд байна. Хэрэв үнэхээр ийм асуудлууд ураны уурхайгаас болж үүсдэг байсан бол эдгээр улсад ураны олборлолтоо аль хэдийн хориглоод, зогсоочих байсан болов уу. Уран олборлогч улсуудын дунд ардчилсан, авторитар засаглалтай, баян чинээлэг, хөгжиж буй гээд олон улс бий.

Мэдээж Монгол Улсад өөрийн онцлог байгаа. Гэхдээ нүүдлийн аж ахуй бол Казахстанд байна, Нигерт байна. Канадын хойд нутгуудад ч гэсэн уламжлалт нүүдлийн аж ахуй байдаг. Ганц Монгол улсаас гадна өөр олон улсад уламжлалт нүүдлийн аж ахуй байгаа. Тэдгээр бусад улсад ураны уурхай, уламжлалт нүүдлийн аж ахуйн хамт амжилттай зэрэгцэн оршиж байна. 

-”Орано Майнинг”-ийн үйл ажиллагаа явуулж байгаа улсуудад ийм тохиолдол гарч байгаагүй юм байна, тийм үү?

-Үйл ажиллагаа явуулж байгаа улсын ард иргэдийг худал мэдээллээр төөрөгдүүлж байсан тохиолдол гарч байгаагүй. Ямар ч аж үйлдвэрийн хувьд, уул уурхайн хувьд ч тэр ойр орчмын ард иргэдтэй ярилцаж, хэлэлцэх, зүйл байдаг. Энэ бол хаа ч байдаг зүйл. Ураны уурхайн хувьд ашигт малтмалынх нь цацраг идэвхт шинж чанарыг нь тайлбарлан таниулж, ойлгуулах тийм амар хялбар ажил биш байдаг. Гэхдээ өөр хаана ч хоёр толгойтой ишиг төрлөө, зургаан хөлтэй ямаа гарлаа гэдэг асуудал таарч байгаагүй. 

-Цацрагийн талаар сонирхмоор байна. Газрын гүнээс олборлож байгаа ураны цацрагийн нөлөө ойр орчимд нь нөлөөлөхгүй гэж ойлгож байгаа. Монгол байгаа уран бусад улсад байгаа урантай харьцуулахад цацрагийн хэмжээ нь ижил үү?

-Ураны уурхайн эргэн тойронд амьдарч байгаа ард иргэдэд цацрагийн ямар ч нөлөөлөл байхгүй.

  • Нэгдүгээрт, манай ашиглаж байгаа технологийн үед ил цацраг идэвхт тоос тоосонцор босохгүй, хүдрийн хаягдал үүсдэггүй.

  • Хоёрдугаарт, 

    цацраг идэвхт элемент ил байлаа ч ураны салбарын хууль эрх зүйн зохицуулалт маш чанга

     

    байдаг. Уурхайн эргэн тойрны цацрагийн түвшнийг хатуу хязгаарладаг. 

Бидний олборлох байгалийн уранаас ялгарах цацраг идэвхийн хэмжээ дэлхийн өнцөг булан бүрд ижилхэн.

Гэхдээ Монгол Улсын газрын хэвлий дэх ураны агуулга нь Казахстан улсынхтай ойролцоо ч Канадынхаас хавьгүй бага. Үүний зэрэгцээ уурхайд ажиллах ажилтнуудын цацрагийн хяналтыг хүн нэг бүр дээр хийдэг. Ажилтнуудын жилд авах цацрагийн тунгийн дээд хэмжээ нь боржин чулуу ихтэй бүс нутагт амьдардаг энгийн иргэдийн авах шарлагын тунгаас ч бага байдаг.

-Монголын уншигчдад хандаж танд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?

-Монголын уншигчдад хүргэх нэг зүйл байна. Манай төсөл амжилттай урагшилбал  ирэх хоёр жилд хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулаад, ирэх 3-4 жилд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа хийж, олборлолтоо эхлүүлнэ. Тухайн үед  1,000 орчим ажлын байр бий болох юм. Манайд ажилд орох хүсэлтэй хүн байвал бид багтаа авч ажиллахдаа баяртай байх болно. 

Тэр хүмүүсийг дуртайяа ажилд авч, Монгол-Францын хамтарсан ураны төслийг амжилттай бүтээлцэхэд гар бие оролцохыг урьж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: https://ikon.mn/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй