АЗИЙН ЦӨМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМЫН САЙД НАРЫН ТҮВШНИЙ 23 ДУГААР УУЛЗАЛТ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол Улс Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум (АЦХАФ)-д 2010 онд нэгдэн орсноос хойш Зүүн өмнөд Азийн орнууд дахь цацрагийн хэрэглээ, судалгааны реакторын хэрэглээ, цөмийн аюулгүй ажиллагааг сайжруулах, цөмийн дэд бүтцийг бэхжүүлэх 5 төрлийн 7 төсөлд тасралтгүй оролцож ирсэн.

Эдгээр төсөлд Монгол Улсаас Хавдар судлалын үндэсний төв, ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэн, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Цөмийн физикийн судалгааны төв гэсэн 5 байгууллага оролцож, бүс нутгийн хэмжээндцөмийн дэвшилтэт технологийн хэрэглээг нийгэм-эдийн засгийн олон салбарт нэвтрүүлж ашиглах талаар хамтын ажиллагааг бэхжүүлэхэдтуршлага, мэдээлэл солилцох, боловсон хүчнийг мэргэшүүлэх чиглэлд хамтран ажилладаг.

Тус форумын Сайд нарын түвшний 23 дугаар уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн комисс, Япон Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Японы Атомын Энергийн Комисс, Японы Цөмийн Аюулгүй Ажиллагааны Судалгааны Байгууллага хамтран өнөөдөр Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.

Сайд нарын түвшний уулзалт нь тус форумын удирдах дээд байгууллага бөгөөд жилд нэг удаа хуралддаг. Уулзалт бүрээр форумын үйл ажиллагаа, бодлого, төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, шийдвэр гаргадаг.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй 23 дугаар уулзалтад БНХАУ, Бангладеш, Индонез, Казахстан, БНСУ, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Вьетнам, Австрали, Япон зэрэг 12 орны зочид төлөөлөгчид танхимын болон цахим хосолсон хэлбэрээр оролцож, “Хорт хавдрын эмчилгээнд цацраг туяа ашиглах” чиглэлд болон анагаах ухаанд цөмийн технологийг ашиглаж буй туршлагаа хуваалцах, Азийн бүс нутагт хорт хавдрын туяа эмчилгээг өргөжүүлэх, үүний тулд АЦХАФ-ын туяа эмчилгээний төслийг тасралтгүй дэмжих, цацрагийн эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлэх, ашиглах чиглэлээр олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Уулзалтаас тус форумын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдийн ололтыг дүгнэж, цаашдын шинэ чиглэлийн тухай “Хамтарсан тунхаглал” гарна.

2022 оны байдлаар АЦХАФ-ын 7 төсөлд манай улсаас оролцсоноор гарган аваад буй зарим үр дүнг танилцуулбал:

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт: Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэд форумын хүрээнд гишүүн орнуудын туршлага, дэд бүтцийг ашиглан улаан буудайн шинэ сорт гарган авах, буурцагт ургамлын тариалалтыг өргөжүүлэх, цагаан будааг дотооддоо тарих боломжтой эсэх талаар судалгааг явуулж байна. Үүний үр дүнд ганд тэсвэртэй, малын тэжээлд тохиромжтой “Дархан-141”, эрт болцтой, арвин ургацтай бөгөөд өндөрлөг уулын бүсэд тариалахад тохиромжтой “Дархан-172” сортуудыг шинээр гарган авч, тариалалтад нэвтрүүлснйи дүнд нэг га талбайгаас авах ургацыг 1.96-3.28 центнэрээр нэмэгдүүлсэн.

Эрүүл мэндийн салбарт: Форумын төслийн хүрээнд боловсруулсан умайн хүзүүний хавдрыг хими ба туяагаар зэрэгцүүлсэн эмчилгээ хийх "CERVIX-III" эмнэлзүйн аргыг 2012 оноос ХСҮТ-д стандарт эмчилгээний арга болгон нэвтрүүлсэн. Мөн умайн хүзүүний хавдрын хожуу үе шатанд нь гол судас дагасан булчирхайг хавдрын үсэрхийллээс урьдчилан сэргийлэх “CERVIX-IV” туяа эмчилгээний аргаар 8 өвчтөнийг амжилттай эмчилж, хяналтад оруулахад эдгээр өвчтөнд хавдар дахиагүй байна. Цаашид энэ эмчилгээний аргыг улам болосвронгуй болгож, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

Цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын салбарт: Форумын энэ чиглэлийн төсөлд хамрагдан туршлага, мэдээлэл солилцож, ОУАЭА-ийн Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний Нэмэлт протоколын мэдүүлэг, цөмийн материалын бүртгэл, хяналт, цацраг идэвхт хаягдлын менежементийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлсэн.

Судалгааны реакторын ашиглалтыг хөгжүүлэх чиглэлд: МУИС-ийн судлаачид манай улсад тохиромжтой судалгааны реакторын зохиомж, техникийн үзүүлэлт, судалгаа-хөгжүүлэлт, инновацид ашиглах, ялангуяа цөмийн оношилгоо, эмчилгээнд хэрэглэх богино наст цацраг идэвхт изотоп гарган авах талаар мэдээлэл цуглуулсан.

Хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд: Форумаас гишүүн орнуудын хүний нөөцийг бэлтгэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд манай улсын төрийн болон судалгаа шинжилгээний байгууллагууд Япон Улсаас зохион байгуулдаг “Цөмийн судлаач солилцооны хөтөлбөр”, “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-үүдэд тогтмол хамрагдаж байна. Тухайлбал “Цөмийн судлаач солилцооны хөтөлбөр”-т 2010-2019 онд нийт 8 байгууллагын 13 судлаач 2-11 сарын хугацаатайгаар Япон Улсад судалгааны ажил хийсэн. ”Сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт”, “Цөмийн болон цацрагийн ослын үеийн бэлэн байдал”, “Реактор инженерчлэл” сургалтуудад 2012 оноос хойш нийт 41 албан хаагчийг, мөн түүний дотоодод зохион байгуулагдсан “Дагалдах сургалт”-д нийт 388 хүнийг хамруулж, дадлагажуулсан.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй