MAED ПРОГРАММААР ТООЦООЛСОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨСӨЛТ

Улс орнууд эрчим хүчнийхээ асуудлыг шинжлэх ухаан технологийн хөгжлийн түвшин, эдийн засгийн чадавх, багтаамж, газар нутгийн байршил, байгалийн баялаг, хүн амын тоо зэрэг хүчин зүйлүүдээс хамааран өөр өөрийн онцлогтойгоор шийдэж ирсэн байна.

Дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшнийг тэдний жилд хэрэглэж буй цахилгаан эрчим хүчний хэмжээгээр ерөнхийд нь үнэлэх боломжтой байдаг. Эдийн засгийн чадавх өндөртэй улс орнуудын хувьд 1 жилд үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчийг нийт хүн амын тоонд нь хувааж кВтц/жил*хүн гэсэн нэгжээр авч үзвэл Канад Улс-14930, АНУ-12071, БНСУ-9720, ОХУ-7481, Япон Улс-7371, ХБНГУ-6602 байна. Энэ үзүүлэлтийг дэлхийн 200 гаруй орноор дундажлахад 2674 байдаг бөгөөд 2016 оны байдлаар Монгол Улс-1847 байжээ. Манай орны хувьд хүн ам цөөнтэй хэдий ч нэг жилд үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүчний нэг хүнд оногдох хэмжээ өндөр хөгжилтэй улсуудаас хэд дахин бага төдийгүй дэлхийн дунджаас ч доогуур байна.  

Технологийн дэвшил, хүн ам, эдийн засгийн хурдацтай өсөлттэй холбоотойгоор дунд болон урт хугацааны ирээдүйн эрчим хүч, эдийн засгийн суурь үзүүлэлтийн тооцоог улс орнууд янз бүрийн тооцооллын загвар, программ ашиглан хийдэг. 2050 он хүртэлх Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээ, шаардлагын урьдчилсан хэрэгцээг ОУАЭА-аас эрчим хүчний системийн дүн шинжилгээний шинжээч Марио Тот, Монгол Улсын талаас МУИС-ийн дэд профессор Б.Мөнхбат (ОУАЭА-ийн MON0012 төслийн удирдагч) болон Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, МУИС, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв зэрэг байгууллагуудын 14 оролцогчтой баг MAED (Model for Analysis of Energy Demand) программыг ашиглан дараах албан бус тооцоог гаргажээ.  

  • Монгол Улсын хүн ам 2018 онд (суурь жил) 3.2 сая байсан ба уг тоо MAED программын тооцооллоор 2050 он гэхэд 5.4 сая болж өсөхөөр байна. Хөдөө орон нутгаас хотод шилжиж ирэх хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байгаа учир томоохон хотуудын хүн амын эзлэх хувь 2050 онд 78.2%-иар нэмэгдэж нийт хүн амын тоо өсөж байгаатай холбоотой ажиллах хүчний тоо мөн 2.3 сая болох дүнтэй байна. 

  • Аж үйлдвэрийн салбарын хувьд 2030 оноос эрчим хүчний хэрэгцээ огцом өсөх төлөвтэй ба 2050 он гэхэд одоо байгаа эрчим хүчний хэрэгцээнээс 5-6 дахин өсөх төлөвтэй байна. 

  • Тээврийн салбарын эрчим хүчний хэрэгцээний ихэнх хувийг ачаа тээврийн салбар бүрдүүлдэг. Түүнчлэн 2020 оноос дизель түлшний хэрэглээ огцом өсөж эхэлж байгаа ба 2050 он гэхэд 5 дахин их өсөхөөр байна. 

  • Айл өрхийн хувьд манай улсын онцлогоос хамаарч дулаан, халаалтад ашиглах эрчим хүчний хэмжээ өсөх үзүүлэлттэй гарсан. 2050 онд орон байрны халаалтын хэмжээ суурь жилийнхээс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. 

  • Үйлчилгээний салбарын хувьд халаалт, дулааны хэрэглээ 2050 он гэхэд суурь жилээс 6 дахин өсөхөөр байна. 

  • 2018 оныг суурь жил болгон сонгож түүнд тохирох бүх өгөгдлийг оруулж тооцоход Монгол Улсын нийт эрчим хүчний эрэлт 2050 он гэхэд 7 дахин өсөх дүн гарсан.  

Манай орны цахилгаан эрчим хүчний системийн 2018 оны (суурь жил) байдлаар нэгтгэн дүгнэвэл, уламжлалт буюу нүүрсээр ажилладаг ДЦС-ууд болон СЭХ-ний эх үүсвэрүүд 1344.4 МВт суурилагдсан хүчин чадалтай ажиллаж, дотоодын хэрэгцээнийхээ 80 орчим хувийг хангаж, үлдсэн 20 гаруй хувийг ОХУ болон БНХАУ-аас импортоор авдаг байсан бол 2023 оны байдлаар дотоодод 1535 МВт суурилагдсан хүчин чадалтай ажиллаж, 19.1 хувийг импортоор авч байна.

Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд бага чадлын буюу 100-300 МВт-ын чадалтай цөмийн эрчим хүчний реакторуудыг блок блокоор нэмж холбон ашиглах нь тохиромжтой гэж урьдчилсан байдлаар тооцоолсон ба үйлдвэрлэх 1 кВт.ц эрчим хүчний өртгийг 5-8 цент орчим байна гэж үзсэн. Цаашид УИХ-ийн 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Эрчим хүчний яам, бусад мэргэжлийн байгууллагууд болон Олон Улсын Атомын Энергийн Агентлагтай хамтран цөмийн эрчим хүчний станц барихад шаардагдах дэд бүтцийн 19 чиглэлээр судалгааны ажлыг үе шаттайгаар эхлүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй