Цөмийн эрчим хүчний давуу тал

Жилд дэлхий дээр ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ойролцоогоор 32 тэрбум тонн ба энэ нь нэмэгдсээр 2030 он гэхэд 34 тэрбум тонныг давна гэж тооцоолжээ.
Энэ асуудлыг шийдэхэд хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжиж буй орнууд одоогийн нөхцөл байдалд цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Одоогоор дэлхийн цөмийн эрчим хүчний салбарын суурилагдсан хүчин чадал 397 ГВт байна. Хэрэв энэ бүх эрчим хүчийг нүүрс, байгалийн хийн эх үүсвэрээс гаргаж авбал жил бүр 2 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд цацагдах юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн улс орнуудын хамтын комиссын тооцоолсноор дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрлах ой жилд 1 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийг, дэлхий дээрх нийт ой 2.5 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийг шингээдэг. Өөрөөр хэлбэл цөмийн эрчим хүч нь манай гараг дээрх бүх ойн экологийн хүчин чадалтай тэнцдэг.
Цөмийн эрчим хүчний давуу талууд:
Эрчим хүчний багтаамж өндөртэй.
4% хүртэл баяжуулсан 1 кг ураныг бүрэн шатаахад 100 тонн сайн чанарын нүүрс, 60 тонн газрын тостой тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулдаг.
Дахин ашиглах боломжтой
Цөмийн эрчим хүчний станцын үндсэн түлш болох Уран-235 (235U) нь бүрэн шатдаггүй бөгөөд ураны ашигласан түлшинд боловсруулалт хийсний дараа дахин ашиглах боломжтой байдаг. Энэ нь ирээдүйд цөмийн түлшний хаалттай цикл рүү шилжих бүрэн боломжтой бөгөөд энэ үед цөмийн эрчим хүчний станцын ашигласан түлшнээс хог хаягдал үүсэхгүй гэсэн үг юм.
Хүлэмжийн хийг бууруулах нөлөөтэй
Цөмийн эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх нь дэлхийн дулааралтай тэмцэх нэг арга гэж үздэг. Жишээлбэл, Европ дахь цөмийн эрчим хүчний станцууд нь жил бүр 700 сая тонн, ОХУ-ын цөмийн эрчим хүчний станцууд нь жил бүр 210 сая тонн нүүрсхүчлийн хийн давхар исэл ялгарахаас сэргийлдэг.
Эдийн засгийн хөгжилд
Цөмийн эрчим хүчний станц барьснаар эдийн засгийн өсөлт, шинэ ажлын байрыг бий болгодог. Нэг станц барих явцад зөвхөн 1 ажлын байранд 10 гаруй хүн ажилладаг ба цөмийн технологийн хөгжил нь шинжлэх ухааны судалгаа, өндөр технологийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлдэг.
Хамгийн бага осол, гэмтэл бүртгэгдсэн
Судалгаанаас харахад цөмийн эрчим хүчний станцууд нь бусад эрчим хүчний эх үүсвэр бүхий станцуудтай харьцуулахад хамгийн бага ослын хувийг эзэлдэг байна.
(эх сурвалж: Дэлхийн цөмийн нийгэмлэг-WNA, Паул Шеррерын хүрээлэнгийн 2019 оны судалгаанаас иш татав).