Казахстан, Франц Улсууд түншлэлээ бэхжүүлэхийг эрмэлзэж байна.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Франц Улсад 2024 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн.

Ерөнхийлөгч К.Токаевын албан ёсны айлчлалын үеэр хоёр орны ерөнхийлөгчид стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, эрчим хүч, тэр дундаа цөмийн салбарт хамтран ажиллах нь чухал гэдгийг талууд харилцан хүлээн зөвшөөрсөн байна. Айлчлалын хүрээнд мөн Ерөнхийлөгч К.Токаев Францын Орано, EDF компаний удирдлагуудтай хөрөнгө оруулалтын дугуй ширээний уулзалт, албан ёсны уулзалтууд хийсэн.

Казахстан, Франц улсууд нь 2008 оноос хойш хоёр талын стратегийн түншлэлийн харилцаатай байгаа бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев, Францын Ерөнхийлөгч Э. Макрон нар сүүлийн гурван жил дараалан харилцан айлчилж байна.

Төрийн тэргүүн нар хамтарсан тунхаг бичигтээ "Хоёр орны итгэлцэл, байнгын яриа хэлэлцээг бүх түвшинд сайшааж байна" гэж онцлон тэмдэглээд хоёр орны хоорондын бүхий л харилцааг гүнзгийрүүлж, өргөжүүлэн төрөлжүүлж стратегийн түншлэлээ бэхжүүлэх харилцан хүсэл эрмэлзэлтэй байгаагаа баталлаа.

Эрчим хүч бол Казахстан, Францын хамтын ажиллагааны гол салбар байсаар ирсэн гэж Токаев хөрөнгө оруулалтын дугуй ширээний уулзалтын үеэр хэлсэн бөгөөд Европын холбооны газрын тос, ураны гол нийлүүлэгчийн хувьд Астана Францын эрчим хүчний бүрэн эрхт байдлыг цаашид ч дэмжихэд бэлэн байна. Казахстан дэлхийн ураны хамгийн том үйлдвэрлэгч, Франц цөмийн салбарын арвин туршлагатайг харгалзан "Бид иргэний цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжтой" гэж тэр хэллээ.

Францын Орано компани нь Казахстаны үндэсний атомын компани Казатомпромтой KATКO хамтарсан компанийн 51%-ийг эзэмшдэг бөгөөд энэ нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 7% орчмыг үйлдвэрлэдэг, газар дор уусган олборлох аргаар олборлолт хийж байгаа дэлхийн хамгийн том олборлогч юм. Ораногийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Николас Мэйстэй уулзахдаа Токаев Казахстан, Ораногийн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их нөөц бололцоо байгааг онцлоод “Францад байгалийн ураныг найдвартай, аюулгүй нийлүүлэхийн зэрэгцээ манай улсад өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг олгож буй түншлэлийн ач холбогдлыг цохон тэмдэглэв.”

Токаев мөн EDF-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Люк Ремонттой уулзаж, эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэтийн төлөвийн талаар ярилцав. 10-р сард Казахстаны ард түмэн бүх нийтийн санал асуулгаар цөмийн эрчим хүчний станц барихыг дэмжсэн бөгөөд EDF нь цөмийн технологийн боломжит нийлүүлэгчдийн жагсаалтад багтжээ. Төслийг хэрэгжүүлэх чадавхтай загвар болох олон улсын консорциум байгуулах боломжийг Казахстан улс авч үзэж байгааг Токаев тэмдэглэв.

Л.Ремонт Казатомпромтой "харилцан ашигтай түншлэл"-ийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа баталж, мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлсэн байна.

Токаев Макроныг ирэх онд Казахстанд төрийн айлчлал хийхийг урьснаас гадна Францын бизнес эрхлэгчдийг ирэх тавдугаар сард болох Астанагийн олон улсын форумд оролцохыг урив.

Эх сурвалж: World Nuclear News

https://www.world-nuclear-news.org/articles/presidents-look-to-strengthen-kazakh-french-partnership

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй