Камеко компани цэвэр ашиг 2 дахин өссөний хэрээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

Сигар Лэйк уурхайн газар доорх Тийрэлтэт цооног олборлолт (Jetboring)-ын үйл ажиллагаа (Зураг: Камеко компани)

Канадын Камеко компани Сигар Лэйк уурхайн ашиглалтын хугацааг 2036 он хүртэл сунгах ажлыг эхлүүлэх, мөн МакАртур Ривэр/Кэй Лэйкийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр нэгдүгээр зэргийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх стратеги төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Тус компани 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон өнгөрсөн жилийн үр дүнгээ 2022 онтой харьцуулахад 2023 онд цэвэр ашиг,хуримтлагдсан цэвэр ашиг, үйл ажиллагааны бэлэн мөнгө нь 2 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.

Камеко компанийн 2023 оны санхүүгийн үзүүлэлтэд уран болон түлшний үйлчилгээний хэсэг дэх борлуулалтын хэмжээ, үнийн өсөлт үр өгөөж өгсөн, түүнчлэн тус компани 2023 онд Вестингхаус компанийн Брукфилд хөрөнгийн менежментийг худалдан авсан нь 2024 онд үр өгөөжөө өгч, санхүүгийн үзүүлэлт нь улам сайжрах болно гэж итгэж байгаа талаар тус компанийн гүйцэтгэх захирал дурьджээ.

“Ураны зах зээл сайжрахын хэрээр шинэ, урт хугацааны гэрээ байгуулж, түүнийг хангах хүрээнд 2024 онд бид МакАртур Ривэр/Кэй Лэйк болон Сигар Лэйк уурхайгаас тус бүрт нь 18 сая фунт (8 мян.тн) бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн бид Сигар Лэйк уурхайд 73.4 сая фунт (28.1 мян.тн), үүнээс манай хувьцаанд ногдох 40 сая фунт (16.6 мян.тн) нөөцийг батлуулсан бөгөөд уурхайн ашиглалтын хугацааг 2036 он хүртэл сунгах ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн МакАртур Ривэр/Кэй Лэйк дээр бид жилд 25 сая фунт (9.6 мян.тн) бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болтол нь өргөжүүлэхэд шаардлагатай ажил, хөрөнгө оруулалтыг үнэлгээг хийх ба энэ цаг үед олдсон боломжийг бид ашиглах ёстой” гэж тэрээр хэлсэн байна.

Камеко компани 2023 онд МакАртур Ривэр/Кэй Лэйк уурхайгаас 9.4 сая фунт (3.6 мян.тонн Уран, 100% хүртэл олборловол 13.5 сая фунт (5.1 мян.тн)), Сигар Лэйк уурхайгаас 8.2 сая фунт U3O8 (3.1 мян.тн, 100% хүртэл олборловол 5.7 мян.тн) тус тус олборложээ. 2023 онд тус компани Канад улс дахь үйл ажиллагаанаас 17.6 сая фунт U3O8 (6.7 мян.тн) олборлосон нь 2022 онтой харьцуулахад 69%-иар өссөн боловч тус компанийн 2023 оны 09 дүгээр сард зарласан шинэчилсэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөнөөс нь 1.1 сая фунт (0.4 мян.тн)-аар олборлолт нь бага байна.

Камеко компанийн Казахстан улс дахь ураны олборлолт

Камеко компанийн 40%, Казатомпром компанийн 60%-ийг нь тус тус эзэмшдэг Казахстаны Инкай хамтарсан компанийн ураны үйлдвэрлэлд Казатомпром ураны нийлүүлэлтийн сүлжээний сорилтоос үүдэн Казахстан дахь ураны бүх уурхайн нийлүүлэлтийг 20 хувиар багасгасан нь нөлөөлсөн хэвээр байна. Казатомпром ураны үйлдвэрлэлийг ГДУО технологийн үндсэн урвалж хүхрийн хүчлийн хомсдолоос шалтгаалж буйг саяхан зарласан. Геополитикийн нөхцөл байдал, бүс нутгийн тээвэрлэлтийн эрсдэл хэвээр байгаа нь гэж Камеко мэдээлсэн боловч бараа материал, урт хугацааны худалдан авах гэрээ, зээлийн зохицуулалт нь эдгээр эрсдэлийг бууруулахад ашиглах боломжтой гэжээ. Инкай төслийн хүрээнд 2023 онд үйлдвэрлэсэн Камеко компанийн хувьд оногдох 2 ачаа Канадад ирсэн. “Бид ОХУ-ын төмөр зам, боомтод түшиглэдэггүй Транс-Каспийн олон улсын тээврийн замаар үйлдвэрлэлийн өөрт оногдох хувь хэмжээгээ авахын тулд Инкай хамтарсан компани болон манай хамтарсан түнш, КАП-тай нягт хамтран ажилласаар байна” гэж Камеко мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://world-nuclear-news.org/Articles/Cameco-looks-to-increase-production-as-net-earning

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй