БНФУ-ын Орано групп БНЧУ-ын CEZ групптэй уран баяжуулах үйлчилгээнд гарын үсэг зуржээ.

БНФУ-ын ерөнхийлөгч Э.Макроны БНЧУ-д хийсэн албан айлчлалын үеэр CEZ группийн Дукаваны цөмийн эрчим хүчний станцад ашиглагдах уран баяжуулах үйлчилгээг нийлүүлэх гэрээнд Орано гарын үсэг зурсан байна.

Орано 2023 оны сүүлээр Темелин цөмийн эрчим хүчний станцад шаардлагатай ураныг баяжуулах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурсны дагуу уг гэрээ хийгджээ.

CEZ группийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Даниел Бенеш: “Дукованд уран баяжуулах үйлчилгээг хийж барууны ханган нийлүүлэгчийг баталгаажуулах нь Чехийн эрчим хүчний салбарт төдийгүй БНЧУ-ын хувьд чухал алхам юм. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдлыг улам бүр бэхжүүлж байна” гэжээ.

Орано группын гүйцэтгэх захирал Николас Мэйс: “Манай баталгаатай үйлчлүүлэгч CEZ групптэй урт хугацааны хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү гэрээ нь Чехийн үйлчлүүлэгчид Орано группийн найдвартай байдал, ноу-хауд итгэж байгаагийн нэг илрэл юм” гэжээ.

БНЧУ нь цахилгаан эрчим хүчнийхээ 34 хувийг цөмийн эрчим хүчээр хангадаг бөгөөд Дукованы станцын 4, Темелиний 2 цөмийн эрчим хүчний реактороос тус тус үйлдвэрлэдэг. Тус улсын шинэ цөмийн эрчим хүчний төлөвлөгөөнд 4 шинэ блок, мөн бага оврын модуляр реакторыг тусгажээ.

ČEZ групп (České Energetické Závody- Чехийн эрчим хүчний завод) нь төв болон зүүн европын хамгийн том нийтийн аж ахуйн нэгж бөгөөд 96 компанийг нэгтгэсэн, 72 компани нь Чех улсын компани юм. Үндсэн үйл ажиллагаа нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, худалдаалах, борлуулах, байгалийн хийн худалдаа, борлуулалт, нүүрс олборлолт бөгөөд Прагын хөрөнгийн бирж болон Варшавын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Герман, Унгар, Польш, Румын, Словак, Турк зэрэг улсад үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Эх сурвалж: https://www.world-nuclear-news.org/Articles/Orano-signs-uranium-enrichment-services-contract-w?feed=feed

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй