“ЦАЦРАГ ИДЭВХТ ҮҮСГҮҮРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын алба нь Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яам, Цацрагийн аюулгүй байдлын газар, Сандиагийн үндэсний лабораторитой Монгол Улсад цацраг идэвхт материалын биет хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Сандиагийн үндэсний лаборатори нь “Цацрагийн байгууламжийн биет хамгаалалтыг сайжруулах” төслийг 2009 оноос Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Изотоп контор, Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасаг, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвд тус тус амжилттай хэрэгжүүлж аюулгүй байдлыг хангах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

ЦЭК-ын Ажлын алба нь тус лабораторитой хамтран 2016 оноос цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдал, аюулгүй байдлын дүрэм журам боловсруулах, хариу арга хэмжээ авах, төлөвлөх, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хангах зэрэг агуулгын хүрээнд нийт 8 удаагийн сургалтыг зохион байгуулж, төрийн болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагуудын 221 албан хаагчийг хамруулаад байна. Тус лабораторийн сургагч багш нартай хамтран цацрагийн үүсгүүр хэрэглэгч болон эхний хариу арга хэмжээ авах байгууллагын албан хаагч нарт цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, боломжит аюул заналыг илрүүлэх, саатуулах, хариу арга хэмжээ үзүүлэх зорилгоор ашиглагддаг биет хамгаалалтын системд хяналт шалгалт хийх чиглэлээр “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдлын хяналт шалгалт” сэдэвт сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад 19 төрийн байгууллагын 30 албан хаагч оролцож, цацраг идэвхт материалын аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, аюулгүй байдал, биет хамгаалалтын системд хяналт хийхэд анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй илтгэл сонсож, дасгал ажил хийлээ.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Цөмийн болон цацраг идэвхт материалын зөрчил, хууль бус хөдөлгөөний мэдээллийн бүртгэгдсэн мэдээллээс харахад тус санд 1995 оноос хойш нийт 3609 зөрчил бүртгэгдсэн байна. Цацрагийн идэвхт үүсгүүрийн аюулгүй байдал алдагдаж, буруу гараар хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглагдах нь нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэнд болон эдийн засагт маш хүнд хохирол учруулах эрсдэлтэй байдаг.

Олон улсын хэмжээнд цөмийн терроризмын аюул занал бодитоор оршсоор байгаа энэ үед болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд аливаа улсын төрийн байгууллагуудын уялдаа холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд энэхүү сургалт нь эхний хариу арга хэмжээ авах байгууллагын албан хаагч нарын цацрагийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой байлаа.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй