“ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яамны Сандиагийн үндэсний лабораторитой Монгол Улсад цацраг идэвхт материалын биет хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Сандиагийн үндэсний лаборатори нь “Цацрагийн байгууламжийн биет хамгаалалтыг сайжруулах” төслийг 2009 оноос Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Изотоп контор, Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасаг, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвд тус тус амжилттай хэрэгжүүлж аюулгүй байдлыг хангаж байна.

Мөн Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь тус лабораторитой хамтран 2016 оноос цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдал, аюулгүй байдлын дүрэм журам боловсруулах, хариу арга хэмжээ авах, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах агуулгуудын хүрээнд нийт 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, төрийн болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагуудын 157 албан хаагчийг хамруулсан.

Тус лабораторийн сургагч багш нартай хамтран Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах, биет хамгаалалтыг сайжруулах зорилтын хүрээнд “Тээвэрлэлтийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.

Энэхүү сургалтад цацраг идэвхт материалыг тээвэрлэх үеийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, ослын үед үүрэг гүйцэтгэх 22 төрийн байгууллага болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч 5 байгууллагын нийт 34 албан хаагч оролцож, цацраг идэвхт материал тээвэрлэх үед учирч болзошгүй хулгай, дээрэм, гэмт халдлага зэрэг аюул занал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохион байгуулах мэдлэг, чадварыг авсан.

Олон улсын хэмжээнд цөмийн терроризмын аюул занал бодитоор оршсоор байгаа энэ үед болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд аливаа улсын төрийн байгууллагуудын уялдаа холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд энэхүү сургалт нь төрийн байгууллагууд болон цацрагийн үүсгүүр тээвэрлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй