ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.МАНЛАЙЖАВ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН 67 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОВ.
Австри Улсын Вена хотноо 2023 оны 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулганд Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцов.
Тус чуулганаар ОУАЭА-ийн 2022 оны үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайлан; 2023 оны төсөв, цөмийн аюулгүй байдал, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, Цөмийн аюулгүйн баталгаа; Техникийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, түүний хэрэглээтэй холбоотой үйл ажиллагааг бэхжүүлэх, Агентлагийн Захирагчдын зөвлөлийн гишүүдийг сонгох зэрэг 29 багц асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын байр суурийг танилцуулж, үг хэлэв.
Төлөөлөгчдийн тэргүүн хэлсэн үгэндээ Монгол Улс нь Монгол Улс нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлж, ОУАЭА-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажилладаг тухай онцолсон. Монгол Улс өнгөрсөн онд Цөмийн аюулгүй байдлын цогц төлөвлөгөөг шинэчлэн баталж, ОУАЭА-аас хэрэгжүүлж буй “Итгэл найдварын туяа”, “ЗОДИАК”, “Цөмийн технологиор хуванцар хаягдлыг шийдвэрлэх”, “Цөмийн технологийг хүнсний хангамж, аюулгүй байдалд ашиглах”, “Хүлэмжийн хийг тэглэхэд цөмийн энергийн инноваци” зэрэг санаачилгыг дэмжин, дэлхий дахинаа тулгамдаж буй нийтлэг асуудлууд, тухайлбал, аюулгүй байдлыг сайжруулах болон хорт хавдар, халдварт өвчин, хүнсний хангамж, байгаль орчны бохирдолтой тэмцэхэд цөмийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтыг ашиглахад идэвхтэй хамтран ажиллаж буйгаа онцолсон.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий дахины хүчин чармайлтыг идэвхтэй дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулахаар хичээн зүтгэж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг ОУАЭА-ийн санаачилгуудтай уялдуулж ажиллах нь цаг үеэ олсон чухал үйл ажиллагаа болохыг ЦЭК-ын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав онцлон тэмдэглэсэн юм.
ОУАЭА-ийн “Итгэл найдварын туяа” санаачилгын хүрээнд туяа эмчилгээ болон цөмийн анагаах ухааны үндэсний чадавхийг дээшлүүлэх замаар хавдартай тэмцэх менежментийг бэхжүүлэх үндэсний төслийг 2024-2027 онд хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан чуулганы үеэрМонгол Улсын Эрүүл мэндийн яам,ОУАЭА, БНСУ-ын Цацрагийн болон анагаахын шинжлэх ухааны хүрээлэн хоорондын гурвалсан хамтын ажиллагааны тухай “Практик зохицуулалт” баримт бичигт талууд гарын үсэг зурав. Ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, БНСУ-ын Цацрагийн болон анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн (КИРАМС) Ерөнхийлөгч Жин Кюнг Ли, ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Хуа Лиу нар оролцов.
Төлөөлөгчид ОУАЭА-ийн Ерөнхий захирал, Цөмийн эрчим хүчний газар, Цөмийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын газар, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны газар, Техникийн хамтын ажиллагааны газар, ОУАЭА-ийн “PACT” Хавдрын эмчилгээний үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөөлөгчидтэй уулзалт хийснээс гадна БНФУ-ын “I2EN” Цөмийн эрчим хүчний олон улсын институт, ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпорацийн төлөөлөлтэй тус тус хоёр талын уулзалт хийв.