МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.МАНЛАЙЖАВ НҮБ-ЫН ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ РАФАЭЛЬ ГРОССИТОЙ УУЛЗАВ

Монгол Улсын Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий захиралРафаэль Мариано Гросситой 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Австри Улсын Вена хотноо тус Агентлагийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулганы үеэр уулзав. Талууд Монгол Улс, ОУАЭА хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Гросси Монгол Улстай явуулж буй харилцаа, хамтын ажиллагаа, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчны салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг өндрөөр үнэлж, цаашид бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ нотлов. Мөн тэрээр Монгол Улс ОУАЭА-аас явуулж буй бодлого, үйл ажиллагаа тэр тусмаа цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хангуулах, цөмийн техник, технологийн ололт амжилтыг дэлхий дахинаа нэвтрүүлэх, өргөжүүлэхэд дэмжиж байгаад талархал илэрхийлсэн.

Монгол Улс нь ОУАЭА-ийн цөмийн шинжлэх ухаан, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах чиглэлийн санаачилгуудад идэвхтэй оролцдог бөгөөд хүнсний аюулгүй байдлын салбарт өндөр ач холбогдол өгч буй улсын хувьд ОУАЭА-ийн “Цөмийн технологийг хүнсний хангамж, аюулгүй байдалд ашиглах”санаачилгын хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Монголын тал онцлов.

ЦЭК-ын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав Монгол Улс ОУАЭА-т гишүүнээр элссэний 50 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Ерөнхий захирал Гроссид баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулав.