ЦӨМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Цөмийн аюулгүй байдлын газартай хамтран Цөмийн аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн төлөвлөгөөг дүгнэх, шинэчлэх уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 01-04-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

ОУАЭА-аас гишүүнулс орнууддаа Цөмийн аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан баталж, тодорхой хугацаанд дүгнэн, шинэчлэхийг зөвлөдөг ба одоогоор 113 улс энэхүү төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж, нэмэлтээр 20 улс төлөвлөгөөгөө бий болгохоор ажиллаж байна.

Монгол Улс ОУАЭА-ийн гаргасан загварын дагуу Цөмийн аюулгүй байдлыг хангуулах хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хууль тогтоомж ба хяналтын тогтолцоо, аюул заналын үнэлгээ, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, тогтвортой хөгжүүлэх зэрэг агуулгын хүрээнд ОУАЭА-аас хүлээн авах техникийн дэмжлэг болон холбогдох төрийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээг тусган шинэчлэн боловсрууллаа.

Энэхүү уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын алба, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба зэрэг байгууллагын албан хаагчид оролцлоо.

Мөн уулзалтад ОУАЭА-ийн Цөмийн аюулгүй байдлын газрын мэргэжилтэн Эндрю Проссер, Марта Уокер, Анх Тху Данг, АНУ-ын Сандиагийн үндэсний лабораторийн мэргэжилтэн Жеффри Жарри, Пакистан Улсын Цөмийн хяналтын газрын мэргэжилтэн, Имран Али Хан, Болгар улсын цөмийн хуулийн мэргэжилтэн Десислава Спасова болон ОХУ-ын мэргэжилтэн ОХУ-ын Росатомын Техникийн Академийн Олон улсын цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Тимофей Цветков нар төлөвлөгөөний бүлгүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, өөрийн улс орны туршлагаас танилцууллаа.