“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.
2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ” өдөрлөгт Цөмийн энергийн комиссын Ажлын алба оролцож, Тогтвортой хөгжлийн 3-р зорилт болох эрүүл мэндийг дэмжих чиглэлд өөрсдийн оруулсан хувь нэмэрээ танилцууллаа.
Цөмийн энергийн комисс нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсад цөмийн анагаах ухаан, хавдрын туяа эмчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн. Энэ хүрээнд Олон улсын атомын энергийн агентлаг, Ази, номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл хөтөлбөрт эмнэлгийн байгууллагуудыг хамруулж, тоног төхөөрөмжийн нийлүүлэн, хүний нөөц бэлтгэхэд тасралтгүй хамтран ажиллаж байгаа билээ.
Тухайлбал Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2016 онд Засгийн газрын санхүүжилт болон Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн дэмжлэгээр эрхтэн системийн 3 хэмжээст оношилгооны SPECT/CT хосолмол технологийг оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн. Уг технологи нэвтэрснээр иргэдэд үйлчлэх оношилгоо, эмчилгээний төрөл 2 дахин нэмэгдэж, оношилгооны мэдрэг чанар 30%-иар дээшилсэн.
Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд Цөмийн энергийн комиссоос тасралтгүй дэмжлэг үзүүлэн Олон улсын атомын энергийн агентлагийн төсөлд хамруулж байна. Түүнчлэн Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд туяа эмчилгээний байгууламжийг барьж ашиглалтад оруулан 4 сая еврогийн өртөг бүхий 2 шугаман хурдасгуур, 1 төлөвлөлтийн компьютерт томографи, физик төлөвлөлтийн систем, цахим мэдээллийн системийг тус тус суурилуулан, цацрагийн хяналтын системээр хангасан. Эдгээр технологийг нэвтрүүлснээр сүүлийн 3 жилийн хугацаанд умайн хүзүүний хавдрын эмчилгээг 500 гаруй, компьютерт томографид суурилсан 3 хэмжээст дотуур туяа эмчилгээг 250 орчим өвчтөнд хийсэн бөгөөд хавдраар өвчилсөн 5,800 гаруй иргэдэд туяа эмчилгээний тусламж үйлчилгээг хүргээд байна.
2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд цөмийн 3 хэмжээст оношилгооны PET/CT төхөөрөмжийг, түүнд ашиглагдах цацраг идэвхт изотоп фтор-18 үйлдвэрлэх циклотроны хамтад нь нэвтрүүлж, 2021 оны 4 сараас хойш 1000 гаруй иргэдэд хавдрын оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлээд байна.
Эдгээр хөрөнгө оруулалтаар технологи нэвтрүүлэхийн сацуу мэргэшсэн хүний нөөцийн багийг бэлтгэх ажлыг Цөмийн энергийн комисс дэмжлэг үзүүлж, сүүлийн үеийн технологи дээр ажиллах эмнэлгийн физикч, радиохимич, хавдрын эмч мэргэжилтнүүдийг Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд бэлтгэж байна.
Энэхүү эрүүл мэндийн салбарт цөмийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, нутагшуулах, чадавхжуулах урт хугацааны тасралтгүй үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын иргэд хавдрын оношилгоо, эмчилгээний үйлчилгээг эх орондоо эрүүл мэндийн даатгалаараа авч, хамгийн сүүлийн үеийн технологийн үйлчилгээг нэвтрүүлж чадсан нь бидний Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрүүл мэндийн салбарын зорилтуудад оруулсан хувь нэмэр юм.
Цөмийн энергийн салбар нь Нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ын 9-г ханган ажиллаж байна. Үүнд:
Зорилт-2. Өлсгөлөнг зогсоох,
Зорилт-3. Эрүүл мэндийг дэмжих,
Зорилт-6. Баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах,
Зорилт-7. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх,
Зорилт-9. Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх,
Зорилт-13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах,
Зорилт-14. Далай тэнгисийн нөөцийг хамгаалах,
Зорилт-15. Хуурай газрын эко системийг хамгаалах,
Зорилт-17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх.
Эдгээр зорилтын хүрээнд цацрагаар шарах технологи ашиглан хүнсний бүтээгдэхүүний бактерийг устгах, хадгалалтыг уртасгах; Импортын хүнсний бүтээгдэхүний гарал үүслийг тодорхойлох; Хүсний бүтээгдэхүүний найрлага, химийн агуулгыг нарийвчлан тогтоох;Изотопын аргаар хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах; Цөлжилт, хөрсний эвдрэлийг нарийвчлан тогтоох; Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд үл эвдэх сорил, цөмийн технологийг нэвтрүүлэх; Цөмийн оношилгоо, цацрагийн эмчилгээний технологийн тусламжтай хавдрын өвчлөлийг эмчлэх; Байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг, хямд эрчим хүчээр хангах зорилтуудыг дэвшүүлж, гишүүн орнууддаа чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг.
Монгол Улсын хувьд эрүүл мэндийн салбараас гадна, боловсрол шинжлэх ухаан, байгаль орчин, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хяналт, шалгалт, хүнс, хөдөө аж ахуйн зэрэг салбаруудад дээрх зорилтуудыг хангахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэн томоохон үр дүнгүүдийг гарган аваад байгаа билээ.