“РЕАКТОРЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар (хуучнаар), Япон Улсын Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрийн Яамны Байгалийн баялаг, эрчим хүчний агентлаг хооронд “Цөмийн энерги болон ураны нөөцийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2009 онд анх байгуулсан. Санамж бичгийн гол зорилго нь талууд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, аюулгүй байдал болон хамгаалалтын баталгааг хангах замаар цөмийн энергийн болон ураны нөөцийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааг дэмжих явдал юм.

Тус санамж бичгийн хүрээнд Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс Япон Улсад зохион байгуулсан “Цөмийн аюулгүй байдлын семинар”, “Цөмийн материалын биет хамгаалалт”, “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Судлаачдын солилцооны хөтөлбөр”, “Анхан шатны мэдлэг олгох сургалт” болон сургагч багш бэлтгэх сургалтуудад 2010-2023 онуудад манай улсын 100 гаруй судлаач, мэргэжилтнүүд хамрагдсан.

2012 оноос Япон Улсад зохион байгуулагдсан “Сургагч багш бэлтгэх сургалт”-д Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт, Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, Цөмийн реакторын физик, Цөмийн реакторын дулааны гидравлик, Цөмийн реакторын аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр жил бүр сургагч багш бэлтгэн, бэлтгэгдсэн сургагч багш нар Монгол Улсад “Дагалдах сургалт”-аар холбогдох байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулахад давхардсан тоогоор нийт 32 байгууллагын 500 гаруй албан хаагчийг хамруулсан.

Цөмийн салбарын хүний нөөцийн чиглэлээр 2024 оны 01 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан энэ удаагийн дагалдах сургалтад Японы атомын энергийн агентлагаас ноён Күнихико Набешима, ноён Иппэй Амамото нар хүрэлцэн ирсэн. Монголоос Япон Улсад суралцсан Эрчим хүчний яам, МУИС-ийн харьяа ЦФСТ, ШУТИС-ийн ЭХС-ийн багш нар хамтран цөмийн судалгааны болон эрчим хүчний реактор, ажиллагаа, аюулгүй байдал, цөмийн түлшний цикл, цацрагийн хамгаалалт зэрэг сэдвүүдээр сурсан мэдлэгээ гурван өдрийн хугацаанд хуваалцлаа.

Сургалтад Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, ДЦС-3 ТӨХК, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, АШУҮИС-ын Сувилахуйн сургууль, ДХИС-ийн Шинжлэн магадлахуйн институт зэрэг төрийн 10 байгууллагын нийт 20 албан хаагчид хамрагдан амжилттай зохион байгуулагдав.