“ЦӨМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Цөмийн аюулгүй байдлын газартай хамтран “Цөмийн аюулгүй байдал” сэдэвт үндэсний семинарын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Тус семинарт УИХ-ийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын алба, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг Монгол Улсын аюулгүй байдал, цөмийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд оролцлоо.

Мөн ОУАЭА-ийн Цөмийн аюулгүй байдлын газрын мэргэжилтэн Эндрю Проссер, Марта Уокер, Анх Тху Данг, АНУ-ын Сандиагийн үндэсний лабораторийн мэргэжилтэн Жеффри Жарри, Пакистан Улсын Цөмийн хяналтын газрын мэргэжилтэн, Имран Али Хан, Болгар улсын цөмийн хуулийн мэргэжилтэн Десислава Спасова болон ОХУ-ын мэргэжилтэн ОХУ-ын Росатомын Техникийн Академийн Олон улсын цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Тимофей Цветков танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Семинараар цөмийн болон цацраг идэвхт материалын аюулгүй байдлыг хангахын ач холбогдол, цөмийн аюулгүй байдлын олон улсын эрх зүйн орчин, Монгол Улсад ашиглагдаж буй цөмийн технологийн энхийн хэрэглээ болон тэдгээрийн аюулгүй байдал зэрэг цөмийн аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, зарим улс орнуудын туршлагатай танилцсан.

Дэлхий дахинд цөмийн энерги, цөмийн технологийг олон салбарт өргөн ашиглагдаж, амьдралын чанар, эрүүл мэнд, эдийн засгийг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна. Үүний зэрэгцээ дээрх үйл ажиллагаанд цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж, хүний эрүүл мэнд байгаль, орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах шаардлагатай байдаг. Цөмийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн нэг улсын үүрэг биш бөгөөд дэлхий дахинд цөмийн аюулгүй байдлын дэглэмийг бий болгож хэрэгжүүлэх нь нэн чухал юм.

Олон улсын хэмжээнд цөмийн терроризмын аюул занал бодитоор оршсоор байгаа энэ үед болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд аливаа улсын төрийн байгууллагуудын уялдаа холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд энэхүү семинар нь төрийн байгууллагууд, нэн ялангуяа цөмийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгт хамаарах төрийн байгууллагуудын удирдах, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад цөмийн аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чухал ач холбогдолтой байлаа.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй