АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН БҮСИЙН ТӨВТЭЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр (АНДБХАХ)-ийн Бүсийн төв хооронд 2025 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.
Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээр (АНДБХАХ)-ийн Бүсийн төв хооронд 2025 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.Цөмийн энергийн комисс болон АНДБХАХ-ийн Бүсийн төв хооронд 2024 оны 09 дүгээр сарын 18-нд Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
АНДБХАХ нь Ази, Номхон далайн бүсийн гишүүн орнуудын тодорхой нийтлэг хэрэгцээнд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан цөмийн шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа, хүний нөөцийн хөгжил, гишүүн орнуудын хамтын ажиллагааг дэмжих, зохицуулахад чиглэсэн засгийн газар хоорондын албан ёсны хэлэлцээр юм.
Бүгд Найрамдах Солонгос Улсад байрлах Бүсийн төв нь бүсийн болон үндэсний хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд АНДБХАХ-ийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байгууллага юм.
Энэхүү уулзалт нь харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд цөмийн шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж, туршлага, мэдээлэл солилцох зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
Уулзалтад БНСУ-ын талаас Бүсийн төвийн захирал Ким Дэ Ки тэргүүтэй төлөөлөгчид болон электрон цацрагийн технологи, хүрээлэн буй орчны цацрагийн мониторинг, цөмийн түлшний чиглэлээр мэргэшсэн экспертүүд, Монголын талаас Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Ус, сувгийн удирдах газар, Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтаар электрон цацрагийн технологийн хэрэглээ, цөмийн энергийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, олон нийтийн хүлээн зөвшөөрөл, бага чадлын модуляр реакторын технологийг нэвтрүүлэх дэд бүтцийн судалгаа, цөмийн оношилгоо, эмнэлгийн физик, хүрээлэн буй орчны цацрагийн мониторингийн чиглэлээр хамтран ажиллах, холбогдох БНСУ-ын байгууллагуудтай хамтын ажиллагааны боломжуудыг цаашид судлах чиглэлээр зөвлөлдөхөөр тохиров.
Мөн БНСУ-ын төлөөлөгчид МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Эдийн засаг хөгжлийн яамны харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Цөмийн оношилгоо эмчилгээний төвд зочилж, тус байгууллагуудын цөмийн технологийн ашиглалт, үйл ажиллагаа, лаборатори болон хүний нөөцийн хөгжүүлэлттэй танилцав.



