ОУАЭА-ИЙН ТӨСЛИЙН ШУГАМААР ХҮЛЭЭН АВЧ БУЙ БАРААГ ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ ЗААВАРЧИЛГАА

1. Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн төслийн шугамаар ачаа хүлээн авах байгууллага нь, барааг татвараас чөлөөлүүлэн авах хүсэлтийг НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Тусламж хүлээн авагч байгууллагын харьяалах төрийн захиргааны төв байгууллага, Гаалийн ерөнхий газарт уламжилж өгөхийг хүссэн албан бичиг Цөмийн энергийн комиссын Ажлын алба (ЦЭК-ын Ажлын алба)-нд ирүүлнэ.

- Албан бичигт Сангийн сайдын 2015 оны 317 дугаар тушаалаар баталсан "Гадаад улсын Засгийн газар, Олон улсын байгууллагаас авсан хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам"-ын 3.1.1-д заасан баримт бичиг болон ачааг гаалийн агуулахаас гардаж хүлээн авах ажилтны овог, нэр, регистрийн дугаар, албан тушаал. Ачаа Монгол Улсын гааль дээр буусан тухай мэдээлсэн байгууллагаас тус баримтуудыг авна. Эдгээр баримтууд нь заавал гаалийн байцаагчийн тамга, тэмдэгтэй байх ба өнгөт хуулбарыг ЦЭК-ын Ажлын албанд ирүүлэх албан бичигт хавсаргасан байна. Тээврийн баримт байхгүй бол ачааг илгээсэн байгууллагатай холбогдож авах шаардлагатай бөгөөд тээврийн баримт дээр тээврийн зардлыг тэмдэглүүлсэн байхыг шаардана.

2. Мөн хүсэлтийг НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газарт болон Тусламж хүлээн авагч байгууллагын харьяалах төрийн захиргааны төв байгууллагад гаргаж, ЦЭК-ын Ажлын албаны татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг уламжлах тухай албан бичгийн хамт хүргэнэ. 3. НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Тусламж хүлээн авагч байгууллагын харьяалах төрийн захиргааны төв байгууллагын хариуг дээрх хүсэлтдээ хавсарган odamis.mof.gov.mn сайтаар дамжуулан Сангийн яам, Гаалийн ерөнхий газарт татвараас чөлөөлүүлэх хүсэлтээ мэдүүлнэ. odamis.mof.gov.mn сайтад мэдүүлэг гаргах эрхээ үүсгэнэ үү. 4. Мэдүүлгийг Сангийн яам, Гаалийн ерөнхий газар тус тус хүлээн авсан тохиолдолд ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийж, ачааг хүлээн авна. Жич: Вебсайтад мэдүүлгийг хүлээн авсан тухай тэмдэглэл үүсэхэд Гаалийн ерөнхий газрын 351987 дугаарын утсаар холбогдож татвараас чөлөөлүүлэх тухай мэдээлэл, ачаа хадгалагдаж буй байршил, гаалийн агуулахад очсон эсэхийг лавласны дараа ачааг хүлээн авахаар хадгалалтын агуулахад очих нь зүйтэй. Уг асуудлаар тодруулж лавлах зүйл гарвал ЦЭК-ын Ажлын албаны 51-267159 дугаартай утсаар хандана уу.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй