“ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛЫН БЭЛЭН БАЙДАЛ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Японы атомын энергийн агентлагтай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн дагалдах сургалтад ЦЭК-ын Ажлын алба, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Дотоодын цэргийн 05-р анги, Нийслэлийн Байгаль орчны газар, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Байгал орчин хэмжилзүйн төв лаборатори, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв зэрэг 14байгууллагын 21 албан хаагч хамрагдлаа.
Сургалтын зорилго нь цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх холбогдох төрийн байгууллагуудын албан хаагч нарт цөмийн болон цацрагийн ослын нөхцөлд ажиллах, хариу арга хэмжээ авах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг олгох, Япон Улсын цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар туршлага судлахад оршиж байлаа.
Энэхүү сургалтаар Цацрагийн тухай үндсэн ойлголт, Цацрагийн биологийн үйлчлэл, Цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, Цацрагийн ослын үед гадаад орчны цацрагийн хяналт, Японы атомын энергийн агентлагийн Цөмийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн ослын үеийн хариу арга хэмжээ, Монгол Улсын ослын бэлэн байдал хариу арга хэмжээ, Цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэл, түүний ажиллах зарчим зэрэг сэдвээр хичээл орж, цацрагийн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх, цацрагийн бохирдолд хэмжилт хийх, хэмжилтийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах, цацрагийн бохирдол арилгах, цацрагийн ослын нөхцөлд хариу арга хэмжээг төлөвлөх, төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг авах болон холбогдох байгууллагуудын үүрэг оролцоог сайжруулах талаар дасгал, сургуулилтыг хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсад зохион байгуулж буй энэхүү дагалдах сургалт нь Япон Улсад “Сургагч багш бэлтгэх сургалт”-д хамрагдсан судлаач, багш, мэргэжилтнүүд өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх боломж олгож байгаагаас гадна салбарын хүний нөөц бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.