“Цөмийн болон цацрагийн ослын эхний хариу арга хэмжээ” үндэсний сургалт цахимаар зохион байгуулагдаж байна
ЦЭК-ын Ажлын алба, Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-тай хамтран RAS 9089 “Цацрагийн хяналтын дэд бүтцийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд “ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ОСЛЫН ЭХНИЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” сэдэвт үндэсний сургалтыг 2021 оны 04 дүгээр сарын 26-30-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.
Тус сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лаборатори, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг төрийн байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцож байна.
Энэхүү сургалтаар цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах, ослын үеийн эхний хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх, ослын хор уршгийг хязгаарлах, аюулыг үнэлэх, аюулгүйн бүсийг тогтоох, ослын голомтод ажиллагчдын үүрэг, хариуцлага, олон нийт болон ослын голомтод ажиллагчдыг хэрхэн хамгаалах, хуулийн хариуцлага, шүүхийн нотлох баримтын менежмент, эмнэлгийн тусламжийн хариу арга хэмжээний талаар олон улсын туршлагаас суралцахаас гадна дээрх сэдвүүдийн хүрээнд дасгал, ажил хийж мэдлэг чадвараа дээшлүүлж байна. Олж авсан мэдлэгээ ашиглан цөмийн болон цацрагийн ослын үед авах хариу хэмжээний төрөлжүүлсэн заавруудыг боловсруулах юм.
Засгийн газар цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, болзошгүй ослын үед хариу арга хэмжээ авах чадамжийг бэхжүүлэх ажлын хүрээнд “Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө”-г 2020 онд баталсан билээ.