ЦАЦРАГИЙН ОСЛЫН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ, СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадтай хамтран “Цацрагийн ослын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт дадлага, сургуулилтыг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж, 18 албан хаагчид хамрагдлаа.

Дадлага, сургуулилтын зорилго нь Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 228 дугаар тогтоолоор батлагдсан “Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах, цацрагийн ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, ослын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, чиг үүргийг тодотгоход оршиж байлаа.



Дадлага, сургуулилтын хугацаанд Цацрагийн тухай ерөнхий ойлголт, Монгол Улсын цацрагийн ослын төлөвлөлт, хариу арга хэмжээ, Цацраг хэмжих багаж, тоног төхөөрөмж, Цацрагийн болзошгүй осол гарсан тохиолдолд түүний хор уршгийг арилгах арга хэмжээ зэрэг сэдвээр хичээл орж, цацрагийн зөөврийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжийн ажиллуулах зарчим, цацрагийн бохирдолд хэмжилт хийх аргачлал болон ариутгал цэвэрлэгээний машин механизмтай танилцлаа. Өгөгдсөн цагийн байдлын дагуу хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, Үндэсний аврах бригадын хээрийн сургуулилтын талбайд үүсгүүрийг хайх, ирүүлэх, аюулгүй болгох, тээвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэх дасгал сургуулилтыг хийж гүйцэтгэв.

Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах, ослын нөхцөлд ажиллах, хариу арга хэмжээ авах дадлага, сургуулилтыг тогтмол зохион байгуулах нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, хариу арга хэмжээг цаг алдалгүй оновчтой төлөвлөх, ослын хор уршгийг бууруулах, чиг үүргийн дагуу ажиллаж буй албан хаагчдыг цацрагийн нэмэлт шарлагаас урьдчилан сэргийлэх, шинээр томилогдсон албан хаагч нарт мэдлэг олгож, дадлага туршлага суулгах чухал ач холбогдолтой юм.


Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй