БРАЗИЛИД ХУУЛЬ БУС АН, ЗЭРЛЭГ АМЬТНЫ НАЙМААТАЙ ТЭМЦЭХЭД ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ БАЙНА.

Тогтвортой изотопын шинжилгээг амьтдын үс, хумс, шүдэнд хийснээр аль газар нутгаас гарал үүсэлтэйг тогтоох боломжтой болжээ. Түүнчлэн тус аргыг зэрлэг амьтдыг эргэн байгальд нь тавихад ашиглах боломжтой бөгөөд мөн мод, модлог ургамлын гарал үүслийг тогтоож болох аж.

Бразил улсын хувьд дэлхийн бусад улсууд шиг жил бүр зэрлэг амьтдыг агнах тодорхой тооны зөвшөөрөл өгдөг хэдий ч хууль бус үржүүлгийн газруудын зөвшөөрөлгүй ан хийж зэрлэг амьтдын наймаа эрхлэх явдлыг бүрэн хяналтдаа авч чадахгүй хэвээр байгаа юм. Цөмийн шинжилгээгээр зэрлэг байгальд төрж, идээшсэн эсвэл үржүүлгийн амьтан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа хэдий ч шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, бүрэн хяналт тогтооход хугацаа орох ажээ.

Бразил улсын мужийн цагдаагийн газрууд масс-спектрометрийг ашиглан тогтвортой изотопын харьцааг тодорхойлсон дүнд үндэслэн зэрлэг байгалиас хууль бусаар барьсан ан амьтдыг худалдаачид үржүүлгийн газрын гарал үүслийн гэрчилгээгээр зарж байгаа зөрчлийг илрүүлэх ажлыг энэ оны 1 дүгээр сараас эхэлсэн байна.

Амазон мужийн байгаль хамгаалах төрийн бус байгууллагын тэргүүн А.С.Сарайва  "Бразилийн  экологийн хяналтын байгууллага энэхүү арга зүйг хэрэгжүүлсэн  анхны байгууллага болсон ба байгаль орчин, ан амьтан хамгаалах үйл ажиллагааны цар хүрээг үлэмж нэмэгдүүлж байна” гэжээ.  

Энэхүү аргазүйг нэвтрүүлэхэд Амазон мужийн цагдаагийн газар тоног төхөөрөмж, лабораторийн дэд бүтэц зэрэгт 514,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Хөрөнгө оруулалтын төсвийн 96.1 хувийг байгаль орчныг сүйтгэгчдийн торгуулийн мөнгөөр бүрдүүлж, үлдсэн 20,000 долларыг л улсын төсвөөс гаргажээ.

Зөвхөн ан амьтдаас гадна мод, модлог ургамлын гарал үүслийг тогтоож үржүүлгийнх эсэхийг тогтоох, хууль бус алт болон бусад ашигт малтмал, хар тамхи, мансууруулах эм бодисын гарал үүслийг тогтоох зэрэгт тогтвортой изотопын шинжилгээг хийж байна.

Эх сурвалж: https://news.mongabay.com/2021/06/in-fight-against-wildlife-trafficking-brazil-police-turn-to-nuclear-science/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй