АШИГЛАСАН ТҮЛШ, ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ХАНДЛАГА, ЧИГЛЭЛ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн хөтөлбөр, өнөөгийн чиг хандлагын талаар санал солилцох, мөн хэрэгжүүлж буй “Ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн хандлага, чиглэл” сэдэвт төсөл хөтөлбөрийн тайлангийн төслийг хэлэлцүүлэх зорилгоор гишүүн орнуудын төлөөллүүдийг оролцуулсан зөвлөгөөнийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2 өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.  

Уг зөвлөгөөнд Олон улсын атомын энергийн агентлаг, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага-Цөмийн энергийн агентлаг, Европын Комисс,  Дэлхийн Цөмийн нийгэмлэгийн  болон 70 гаруй гишүүн орны төлөөлөгч нар оролцлоо.

Ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн хандлага, чиглэл сэдэвт төсөл нь 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын бүртгэл тооллого, түүнчлэн үндэсний, бүсийн болон дэлхий дахинд ашигласан түлш, цацраг хаягдлын менежментийн хандлага, чиглэлийн талаар улс орны гаргасан мэдээлэлд тулгуурлан олон улсын хэмжээнд тайланг тоймлон боловсруулж, 3 жилийн давтамжтай буюу 2018 болон 2021 онд 2 тайлан хэвлүүлэн  гаргасан байна. 

Анхны тайланд ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн  аюулгүй ажиллагааны нэгдсэн конвенцын дагуу олон улсын хэмжээнд судалгаа хийгдсэн бол хоёр дохь тайланд ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн талаар ойлголт өгөх, батлагдаж буй стратеги, одоогийн болон цаашдын ололт, чиг хандлага, сорилтод нарийвчилсан дүн шинжилгээг тус тус гүйцэтгэсэн байна.

Зөвлөгөөнөөр хэвлэгдэн гарсан 2 тайланд холбогдох нэмэлт санал авч, ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн хандлага, чиглэл сэдэвт төслийн гурав дахь удаагийн тайланд тусгах санал, зөвлөмж дүгнэлтийг авч, бусад холбогдох хандлага, чиглэлийг хэлэлцүүлэн дараагийн 3 жилд гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлов.  

Олон улсын атомын энергийн агентлагаас улс орон бүр ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан  ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын мэдээллийн системд нэгдэхийг уриалж, 3 дахь удаагийн тайлан боловсруулахад гишүүн улс орнуудын оролцоо, хүчин чармайлт шаардлагатайг цохон тэмдэглэлээ.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй