АЗИЙН ЦӨМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМЫН ХАВДРЫН ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УУЛЗАЛТ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол Улс Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум (АЦХАФ)-д 2010 онд нэгдэн орсноос хойш Зүүн өмнөд Азийн орнууд дахь цацрагийн хэрэглээ, судалгааны реакторын хэрэглээ, цөмийн аюулгүй ажиллагааг сайжруулах, цөмийн дэд бүтцийг бэхжүүлэх 5 төрлийн 7 төсөлд тасралтгүй оролцож ирсэн.

Эдгээр төслүүдийн нэг нь цацраг идэвхт изотоп болон цөмийн цацрагийг эмчилгээнд ашиглах нь сэдэвт “Хавдрын туяа эмчилгээ”-ний төсөл бөгөөд уг төсөлд Монгол Улсаас Хавдар судлалын үндэсний төвийн “Туяа эмчилгээний тасаг”-ийн баг хамт олон оролцож, бүс нутгийн хэмжээний туяа эмчилгээний туршлага, мэдээлэл солилцох, боловсон хүчнийг мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.

Төслийн хүрээнд туяа эмчилгээний тасгийн эмч, эмнэлгийн физикчдийг Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Цөмийн судлаач солилцооны хөтөлбөр (NREP) болон Азийн цөмийн боловсрол, сургалтын хөтөлбөр (ANTEP)-өөр урт болон дунд хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулж чадавхжуулсны үр дүнд умайн хүзүүний хавдрын 3 хэмжээст дүрслэлд суурилсан дотуур туяа эмчилгээг Монгол Улсад анх удаа ХСҮТ-д амжилттай нэвтрүүлж чадсан.

Түүнчлэн Азийн 10 гаруй улсын туяа эмчилгээний институтийг хамарсан олон улсын хамтарсан эмнэлзүйн судалгаанд Монголын туяа эмчилгээний баг 2013 оноос нэгдэн, “Хөхний хавдар”, “Умайн хүзүүний хавдар” гэсэн судалгаануудад амжилттай оролцож, “Хавдрын тулгамдсан асуудлууд”, “Монголын Радиологийн Конгресс”, “Шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дэвшилтэт технологи” зэрэг эрдэм шинжилгээний хурлуудад судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, дотоодын “Хавдар судлал сэтгүүл” болон олон улсын импакт фактор өндөртэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж байгаа нь Монгол Улсын туяа эмчилгээний эмч, мэргэжилтнүүдийг олон улсын тавцанд гарах; олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн технологийг цаг алдалгүй эх орондоо нэвтрүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг өргөтгөхөд чухал хувь нэмэр оруулж байна.

Цөмийн энергийн комисс, Хавдар судлалын үндэсний төв, Японы Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Японы цөмийн аюулгүй байдлын судалгааны нийгэмлэг хамтран энэхүү төслийн 2022 оны ээлжит уулзалтыг Монгол Улсад 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уулзалтад БНХАУ, Бангладеш, Индонез, Казахстан, БНСУ, Малайз, Монгол, Филлиппин, Тайланд, Вьетнам, Япон зэрэг 11 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, бүс нутгийн хавдрын асуудлууд болон хавдрын эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулах арга зүй, эмчилгээний чанарын баталгааг хангах чиглэлээр хэлэлцэж, туршлага солилцон, Монгол Улсын туяа эмчилгээний багтай дадлага ажлуудыг хийж байна.

Хавдар судлалын үндэсний төвөөс цаашид тус төслийн хүрээнд шинээр эхлэх “Хөнгөвчлөх туяа эмчилгээ” эмнэлзүйн судалгаанд туяа эмчилгээний төслийн багаа хамруулахаар саналаа өгөөд байна.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй