КАЗАТОМПРОМ КОМПАНИ ТӨЛӨВЛӨСНИЙХӨӨ ДАГУУ ИНКАЙ 3 ОРДЫН ПИЛОТ ТУРШИЛТ РУУ ШИЛЖЛЭЭ.

Казахстаны үндэсний атомын компани Казатомпром Эрчим хүчний сайдтай газрын хэвлийн ашиглалтын шинэ гэрээ байгуулж, Инкай 3 ордоос 4 жилийн хугацаанд нийт 701 тонн уран олборлох туршилтын үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрлөө авчээ.

Инкай бол Туркестан мужийн Сузак дүүрэгт байрлах ураны гол орд бөгөөд Инкай 3 орд нь 83,100 тонн ураны нөөцтэй гэж Казатомпромоос мэдэгджээ.

Энэхүү тусгай зөвшөөрөл нь манай тогтвортой хөгжлийн стратегийн чухал ач холбогдолтой ба Инкай 3 ордод туршилтын үйлдвэрлэл эхлүүлэх нь Туркестаны бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж Казатомпромын гүйцэтгэх захирал Мейржан Юсупов хэлжээ. Тэрээр ашигт малтмалын баялгийг нэмэгдүүлснээр ураны салбарын тэргүүлэгчдийн байр суурийг улам бэхжүүлж, цэвэр эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад тусална гэжээ.

Түүнчлэн Туркестаны бүс дэх Канжуган, Өмнөд Мюнкум, Төв Мюнкум, Уванас, Монкудук зэрэг ордуудаас уран олборлодог Казатомпромын 100 хувийн эзэмшилтэй “Казатомпром-СаУран” ХХК-д Инкай 3 ордын газрын хэвлийг ашиглах гэрээг шилжүүлнэ гэв. Тус компани нь өнгөрсөн онд Туркестан мужид жилд 1600 тонн уран боловсруулах үйлдвэрийг шинэчлэх томоохон хөрөнгө оруулалтыг хийж дуусгасан байна.

Казатомпром-СаУран компани нь шинэ ордоос уран олборлох төлөвлөгөөгөө өнгөрсөн оны 06 сард зарлаж, туршилтын үе шатыг оролцуулаад нийт 25 жилийн хүчин чадалтай төслийн ТЭЗҮ-д үндэслэн газрын хэвлийг ашиглах тухай хэлэлцээг хийж эхэлсэн. ТЭЗҮ-д тусгаснаар жилд 4000 тонн уран олборлох хүчин чадалтай үйлдвэрлэлийг барихаар төлөвлөж байгаа талаар мэдэгдэж байжээ.

Казахстанд ураны бүх үйлдвэрийн газар доор уусган олборлох аргаар олборлодог. Мөн Канадын Камеко 40%, Казатомпром 60%-ийг нь эзэмшдэг Инкай хамтарсан компани нь Инкай 1 ордоос уран олборлодог аж.

Эх сурвалж: https://world-nuclear-news.org/Articles/Kazatomprom-gets-go-ahead-for-Inkai-3-pilot

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй