Бүсийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ras/5/056
ОУАЭА-ийн Бүсийн хамтын ажиллагааны гэрээний RAS/5/056 Мутацын аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах"
төслийн хүрээнд явагдаж буй "Цаг уурын нөхцөлд дасан зохицсон мутант сорт гарган авах, хөрс, усны менежментийг сайжруулах туршлага солилцох уулзалт"-ыг Цөмийн энергийн газар, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран 2013 оны 08 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Япон, Австрали, Энэтхэг, Бразил, Пакистан, Индонез, Бангладеш, Малайз, Тайланд, Өмнөд Солонгос, Хятад, Мьянмар, Непал, Филиппин, Вьетнам, Шриланк зэрэг орнууд болон ОУАЭА-ийн төлөөлөгчид оролцон хамтран ажиллав.
Уг төсөл нь 2012 - 2015 оны хооронд зохион байгуулагдах ба уулзалтын гол зорилго нь төслийн гишүүн орнууд цөмийн технологийг ашиглан цаг уурын нөхцөлд дасан зохицсон ургамлын мутант сорт гарган авах, хөрс усны менежментийг сайжруулах тал дээр харилцан мэдээлэл өгч, туршлага солилцох явдал байлаа.
Төслийн үр дүнд цөмийн технологийг ашиглан цаг уурын эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай, төрөл бүрийн өвчинд тэсвэртэй, давслаг хөрсөнд ургах чадвартай, усалгаа бага шаарддаг буудай, будаа, төрөл бүрийн буурцагт ургамал, чихрийн болон тосны ургамлууд, шинэ төрлийн цэцэгт ургамлуудыг гаргаж авж байна.
Мөн түүнчлэн төслийн гишүүн орнууд цөмийн технологийг ашиглан хөрсний үржил шим, чийгшлийг тодорхойлж хөрс, усны менежментийг сайжруулснаар ургамлын гарц нэмэгдэж, ургац хураалтын хугацаа богиноссон үр дүнд хүржээ. Уулзалтанд оролцсон төлөөлөгчид мутант сорт гарган авахад үр дүнтэй шинэ технологийн талаар санал, туршлага солилцсон бөгөөд Дархан хот дах ХААИС-ийн харьяа УГТЭШХ-д зочилж Монгол дах төслийн хэрэгжилтэй танилцсан юм.Дарханы УГТЭШХ Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэй мутантын судалгааг боловсронгуй болгох зорилгоор селекци генетикийн лаборатори, хөрс агрохимийн лабораториудыг шинээр байгуулсан бөгөөд энэ хугацаанд эрт болцтой,ахиу ургацтай буудай, буурцагт ургамлын шинэ сортууд, ризобиум биобордоо зэргийг гарган авч зах зээлд амжилттай нэвтрүүлээд байгаа юм. RAS/5/056 "Мутацын аргыг ашиглан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шинэ буудайн сорт гарган авах" төслийн хүрээнд тариалангийн томоохон талбайн хөрсний чийгшлийг хэмжих чадвартай 10HS төхөөрөмжийг суурилуулсан ба, Дархан-172, Дархан-173, Дархан-175 буудайн шинэ мутант сортуудыг гарган туршиж байна.