“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СОЁЛ” СЭДЭВТ БҮСИЙН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн “Цацрагийн аюулгүй ажиллагааны дэд бүтцийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн салбар дахь цацрагийн аюулгүй ажиллагааны соёл” сэдэвт бүсийн семинар 2024 оны 08 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Семинарт ОУАЭА, АНУ, ХБНГУ-ын экспертүүд, Зүүн өмнөд азийн бүсийн 14 улсын 25 оролцогчид оролцож, бүс нутгийн туршлагаас солилцож байна.
Эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг хамгийн түгээмлээр хэрэглэдэг бөгөөд энэхүү сургалт нь ОУАЭА-ийн гишүүн орнуудын цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад цацрагийн аюулгүй ажиллагааны соёлыг бэхжүүлэн, хөгжүүлэх; эмнэлгийн шарлагын төлөвлөгдөөгүй ослын тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга замуудаас суралцах; цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны олон улсын дүрэм, стандартуудын талаар мэдлэг олгох зорилготой юм.
Манай улсад 1950-иад оноос хорт хавдрыг ионжуулагч цацрагаар эмчлэх анхны үйл ажиллагаа эхэлсэн ба анагаах ухааны салбарт цөмийн технологийн хэрэглээ хурдацтайгаар хөгжиж өнөөдрийн байдлаар 516 эмнэлгийн байгууллагуудад 1462 цацрагийн үүсгүүрийг эмчилгээ, оношилгоонд ашиглаж байгаа нь манай улсад бүртгэлтэй цацрагийн үүсгүүрийн 80 орчим хувийг эзэлж байна.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын цөмийн технологийн хэрэглээнд орчин үеийн, дэвшилтэд технологиудад хурдацтайгаар нэвтэрч байгаа бөгөөд тухайлбал, Монгол Улс дотооддоо цацраг идэвхт бодис, эмийн үйлдвэрлэлтийг явуулж, PET/СТ (Позитрон эмиссийн томограф/компьютерт томограф)-ийг ашиглан хавдрыг эсийн түвшинд оношилж, түүнчлэн хавдрын туяа эмчилгээнд шугаман хурдасгуурт иж бүрэн системийг нэвтрүүлэн гурван хэмжээст эмчилгээг хийж байна.
“Аюулгүй ажиллагааны соёл нь "аюулгүй ажиллагаа нэн тэргүүнд" гэсэн зарчмыг баримтлан цацрагийн аюулгүй ажиллагааны хууль эрх зүйн тогтолцоо, дэд бүтэц, менежментийн тогтолцоог сайжруулах, хүний нөөцийг бэлтгэн дадлагажуулах замаар бүхий л шатанд аюулгүй ажиллагааг хангах зөв хандлагыг бий болгоход чиглэж байна.
Цацрагийн аюулгүй ажиллагааны соёл нь эрүүл мэндийн салбар дахь ажилтан, өвчтөний цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын нэг чухал үзүүлэлт байдаг” тухай Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав семинарын нээлтийн үеэр дурдлаа.