ДЭЛХИЙД ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР 2021 ОНД ТЭРГҮҮЛСЭН 10 УЛС

Дэлхийд нийт 441 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, дэлхийн эрчим хүчний 10%-ийг үйлдвэрлэж байна.

Цөмийн эрчим хүч нь эрчим хүч үйлдвэрлэх өртөг нь хямд боловч цөмийн эрчим хүчний станцыг барих өртөг нь өндөр байдаг. Үүнээс улбайлан цөмийн эрчим хүчний станц барих асуудлыг удаашруулдаг.

Хэдийгээр цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн явцал хүлэмжийн хий үүсгэдэггүй ч түүнээс гарах хягдал нь онцгой асуудал үүсгэдэг. Орчин үеийн туршлага, олон улсын стандартууд эдгээр эрсдэлийг хамгийн бага хэмжээнд байлгаж байгаа ч олон нийтийн дунд цөмийн зэвсгийн талаарх ойлголт түүнийг маргаантай эрчим хүчний эх үүсвэр болгож байна.

Сүүлийн жилүүдэд бага чадлын модуляр реакторын технологийг улс орнууд хөгжүүлж байгаа нь цөмийн эрчим хүчний хямд төслүүд ирээдүйд хэрэгжих боломжийг нээж байна.

2021 оны цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 10 орнууд дараах байдлаар байна:

  1. АНУ – 91.5 ГВт

  2. Франц – 61.3 ГВт

  3. БНХАУ – 50.8 ГВт

  4. Япон – 31.7 ГВт

  5. ОХУ – 29.6 ГВт

  6. Өмнөд Солонгос – 24.5 ГВт  

  7. Канад – 13.6 ГВт

  8. Украйн – 13.1 ГВт

  9. Их Британи – 8.9 ГВт

  10. Испани – 13.1 ГВт

1. АНУ – 91.5 ГВт

Цөмийн эрчим хүчний станц, АНУ

АНУ-ын 30 мужид 91.5 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтай 93 реактор ажиллаж байна. 2019 онд 843 ТВт.ц цахилгаан үйлдвэрлэж, дэлхийд нийт цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 30%-иас илүүг үйлдвэрлэсэн.

Тус улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20%-ийг цөмийн эрчим хүч хангаж байгаа ба байгалийн хий, нүүрс зэрэг шатах түлшийг илүү ашиглаж байна.

Жоржио мужид Vogtle төслөөр 2 реактор нэмж барьж байна. Аюулгүй байдлын шаардлагын улмаас 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  

2020 онд Индиан поинт-2, Дуан Арнолд нийт 1.5 ГВт чадалтай 2 реакторыг унтраасан.

2. Франц Улс – 61.3 ГВт

Цөмийн эрчим хүчний станц, Франц Улс

Франц Улсын цахилгаан эрчим хүчний гуравны хоёрыг буюу 70%-ийг цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэдэг, бусад улсуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Үүний дүнд цахилгааны үнийг бууруулсан, мөн цахилгаан эрчим хүчний 17%-ийг дахин боловсруулсан цөмийн түлшнээс гарган авдаг.

Франц Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ Европын сүлжээнд холбогдсоноор цөмийн эрчим хүчний станцаас үйлдвэрлэсэн цахилгааныг бусад орон руу экспортлох боломжийг олгосон.

2020 онд нийт 56 реактор ажиллаж, 338.7 ТВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн. Франц Улсын Засгийн газар 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэг болгох зорилтыг тавьж олон цөмийн эрчим хүчний станц барихаас гадна сэргээгдэх эрчим хүчийг 2035 он гэхэд 50%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.  

2020 онд Фессенейм цөмийн эрчим хүчний станцын 2 реакторыг хаасан. Flamanville 3 реакторыг 2023 онд ашиглалтад оруулахад Fessenheim-ийн 2 реакторыг хаах төлөвтэй байсан ч байгаль орчны асуудлаас болж 2020 онд хаасан.

3. БНХАУ – 50.8 ГВт

Taishan цөмийн эрчим хүчний станц, БНХАУ БНХАУ-ын цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь 50.8 ГВт болж дэлхийн гурав дахь том цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч болсон. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа ч БНХАУ-ын нийт эрчим хүчний 5%-ийг цөмийн эрчим хүчээр хангаж байна. Мөн онд цөмийн эрчим хүчний нийт үйлдвэрлэл 330ТВт.ц-т хүрсэн.

Одоогоор 18 реактор баригдаж байгаа ба энэ нь эрчим хүчний системийг 17.2ГВт-аар нэмэгдүүлнэ. Нэмэлтээр 43 ГВт чадалтай, 39 цөмийн эрчим хүчний реакторыг барихаар төлөвлөсөн.

2021 оны 01 дүгээр сард БНХАУ-ын анхны даралтад усан хөргүүртэй реакторыг ашиглалтад оруулсан. Hualong One реактор нь БНХАУ-ын дотоодын хөгжүүлсэн анхны реактор бөгөөд үр ашиг илүү байхаар төлөвлөгдсөн. Эрх баригчид ойрын жилүүдэд энэхүү реакторыг нэмж барихаар төлөвлөсөн.

4. Япон Улс 31.7 ГВт

Ikata цөмийн эрчим хүчний станц, Япон

Япон Улс 31.7 ГВт чадалтай 33 реактортай, 2 реактор баригдаж байна.

Фукушима станцын ослоос өмнө Япон Улс эрчим хүчний 30%-ийг цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэдэг байсан. Тухайн үед Япон Улс дэлхийд цөмийн үйлдвэрлэлээр гуравт жагсдаг байв.   

Ослын дараа Японы Засгийн газар бүх цөмийн эрчим хүчний станцуудыг 2 жилийн хугацаанд хааж, үндэсний шинэ зохицуулагч станцуудын хяналтыг авч, гамшгаас урьдчилан сэргийлэх шинэ хяналт, дадлагыг нэвтрүүлсэн.

Энэ хугацаанд цөмийн үйлдвэрлэл буурч нүүрсний эрчим хүч, нүүрсний импорт нэмэгдсэн. Үүнээс үүдэн гарч буй байгаль орчин, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь олон нийтэд таалагдаагүй бөгөөд Японы бизнесийн холбоо “Цөмийн эрчим хүчийг зогсоосноор үндэсний баялаг гадагшаа урсаж байна” гэж мэдэгджээ.

Үүнээс хойш цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг үе шаттайгаар сэргээх арга хэмжээг авч эхэлсэн ба 2019 онд Япон Улс цөмийн эрчим хүчээр нийт 65.7 ТВт.ц цахилгаан үйлдвэрлэсэн байна.

5. ОХУ – 29.6 ГВт

Цөмийн эрчим хүчний станц, ОХУ

ОХУ-д 29.6 ГВт хүчин чадалтай 38 реактор ажиллаж байна.  

2019 онд ОХУ 195.5 ТВт.ц цахилгаан цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэсэн ба нийт цахилгаан үйлдвэрлэлийн 19.7%-ийг хангажээ.

ОХУ байгуулагдахаас өмнө ЗХУ нь цөмийн технологийн анхны тэргүүлэгч орны нэг байсан. Зүүн Европын ихэнх хэсэгт ЗХУ-ын зохион бүтээсэн реакторуудыг барьсан байдаг ба өнөөдөр Орос Улс хурдан нейтроны реакторын технологиор дэлхийд тэргүүлсээр байна. 

Росатом улсын корпораци “Прорив” төслийн хүрээнд хурдан нейтроны реакторт суурилж, цөмийн түлшний битүү циклийг хөгжүүлнэ гэж найдаж байна.  

6. Өмнөд Солонгос – 24.5 ГВт

Kori цөмийн эрчим хүчний станц, Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос нийт 24.5 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтай 24 цөмийн реакторыг ажиллуулж байна. 4 цөмийн эрчим хүчний станцын 3 нь Кёнжу, Улсан, Пусан хотуудын ойролцоо байрладаг. Эдгээр хотуудад хүн ам нягт суурьшсан, хэд хэдэн хүнд үйлдвэрүүд байрладаг, цахилгаан эрчим хүчний өндөр эрэлттэй газрууд юм.

2019 онд 146ТВт.ц цахилгааныг цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэсэн ба байгалийн хийгээр мөн адил үйлдвэрлэсэн. Нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 25%-ийг цөмийн эрчим хүчээр, 42%-ийг нүүрнээс хангаж байна.

Цөмийн эрчим хүчний 4 реактор баригдаж байгаа ба эдгээр нь ашиглалтад орсноор 5.3 ГВт-аар суурилагдсан чадал нэмэгдэх юм. 2021 оны 09 дүгээр сард явуулсан олон нийтийн судалгаагаар хүн амын 72% нь цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн байна. 

7. Канад Улс – 13.6 ГВт

CANDU төрлийн цөмийн эрчим хүчний станц, Канад Улс

Канад Улсад нийт 4 цөмийн эрчим хүчний станцад 19 реактор ажиллаж байгаа ба дийлэнх нь Онторио мужид байна. Нийт суурилагдсан чадал нь 13.6 ГВт байна.

2019 онд цөмийн эрчим хүчээр нийт 94.9 ТВт.ц цахилгаан үйлдвэрлэж, эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 14.9%-ийг хангасан байна.

Бүх станцууд нь Канад Улсын өөрийн технологи болох CANDU төрлийн реакторууд байна.

8. Украйн Улс– 13.1 ГВт

Khmelnytskyi цөмийн эрчим хүчний станц, ВВЭР-1000, Украйн Улс

Украйн Улсад нийт 13.1 ГВт суурилагдсан хүчин чадалтай 15 цөмийн реактор ажиллаж, 2 ГВт-ын чадалтай 2 реактор баригдаж байна.

2019 онд 78.1 ТВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нийт эрчим хүчний 53.9%-ийг хангасан байна.

Тус улсын эрчим хүчний систем нь цөмийн эрчим хүчээс ихээхэн хамааралтай бөгөөд цөмийн түлш, бусад үйлчилгээг ОХУ-аас авдаг. Геополитикийн маргааны улмаас Оросоос хараат байдлаа бууруулахын тулд АНУ-ын Westinghouse-аас эрчимтэй түлш авч байна.

9. Их Британи Өмнөд Ирландын нэгдсэн вант Улс– 8.9 ГВт

Цөмийн эрчим хүчний станц, Их Британи

ИБӨИНВУ-д 8.9 ГВт-ын суурилагдсан чадалтай 13 цөмийн реактор ажиллаж байна. 2019 онд 51 ТВт.ц цахилгаан үйлдвэрлэсэн ба нийт эрчим хүчний 16%-ийг хангасан.   

Hinkley Point станцын 2 реакторын барилгын ажил эхэлсэн ба 3.3 ГВт чадалтай, одоогийн эрчим хүчний 7%-ийг үйлдвэрлэх юм.

2035 он гэхэд тус улсын цөмийн эрчим хүчний реакторуудын тал хувь нь ашиглалтаас гарна. Засгийн газраас шинэ цөмийн реакторыг дэмжихээр зорьж байгаа ч хууль, санхүүжилт зэрэг асуудлуудаас шалтгаалан сүүлийн хэдэн жилийн хугацаанд хэд хэдэн төсөл цуцлагдсан.

10. Испани Улс– 13.1 ГВт

Almaraz цөмийн эрчим хүчний станц, Испани Улс

Швед Улс Ringhals 1, 2 реакторуудыг унтрааснаар Испани Улс 10 дугаарт орсон байна.

Испани Улсын эрчим хүчний 22%-ийг цөмийн эрчим хүчээр үйлдвэрлэдэг ба нийт 7.1 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтай 7 реактор ажиллаж байна. Бүгд 1983-1988 онд сүлжээнд холбогдсон ба үүнээс хойш цөмийг маш бага анхаарсан. 

Засгийн газар цөмийн эрчим хүчийг нэн чухал гэж үзэн станцуудын ашиглалтын хугацааг сунгасан. 2020, 2021 онд 7 реакторын 6-д ойрын жилүүдэд ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон. 2035 оноос эдгээр реакторуудын ашиглалтын хугацаа дуусах юм.

2018 онд Испани Улсын Засгийн газар цөмийн эрчим хүчийг ашиглахаа зогсоох нь нийгмийн шийдвэр бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд хэдэн арван жил шаардлагатай гэж мэдэгдсэн. Испанид одоогоор ашиглалтаас гарсан 3 реактор байгаа бөгөөд ашиглалтаас гаргахад томоохон дэд бүтэц шаардлагатай болно.

Мэдээллийн эх үүсвэр: https://www.power-technology.com/features/top-ten-nuclear-energy-producing-countries/

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй