“ГАДААД ОРЧНЫ ЦАЦРАГИЙН ХЯНАЛТ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөмийн энергийн газар /хуучнаар/, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хооронд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, аюулгүй байдал болон хамгаалалтын баталгааг хангах замаар цөмийн энергийн болон ураны нөөцийг ашиглахад хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий санамж бичгийг 2010 онд байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд Японы Атомын энергийн агентлаг /ЯАЭА/-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс зохион байгуулсан “Цөмийн аюулгүй байдлын семинар”, “Цөмийн материалын биет хамгаалалт”, “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Судлаачдын солилцооны хөтөлбөр”, “Анхан шатны мэдлэг олгох сургалт”, “Цөмийн эрчим хүчний реакторын мэдлэг” олгох зэрэг сургалтуудад 2010-2021 онуудад манай улсын 100 гаруй судлаач, мэргэжилтнүүд хамрагдаад байна.

Энэ хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба, ЯАЭА-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвтэй хамтран 2014 оноос дагалдах сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны байдлаар “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Цөмийн реакторын инженер” зэрэг 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор нийт 25 байгууллагын 399 албан хаагчийг хамруулж, уг дагалдах сургалтуудыг жил бүр зохион байгуулж байна.

Энэ удаагийн “Гадаад орчны цацрагийн хяналт” сэдэвт дагалдах сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ЯАЭА-тай хамтран зохион байгуулж МХЕГ, НМХГ, ЦУОШГ, БОХЗТЛ, ТЕГ, ТТХГ, ОБЕГ, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ОБЕГ-ын гамшиг судлалын хүрээлэн, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лаборатори, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Дотоодын цэргийн 05 дугаар анги зэрэг төрийн 20 байгууллагын 26 албан хаагчид болон орон нутгийн зарим УЦУОШТ-үүдийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгчид сургалтад хамрагдсан.

Сургалтын зорилго нь цацрагийн хяналт, хэмжилт шинжилгээ хийх чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон судалгаа шинжилгээний байгууллагын албан хаагч нарт гадаад орчны хяналт, гадаад орчны дээжид цацрагийн шинжилгээ хийх арга, аргачлал, гадаад орчны цацрагийн хяналтын тогтолцоо, шинжилгээний аргачлалыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг олгож, ЯАЭА-ийн гадаад орчны цацрагийн хяналтын туршлагыг судлахад оршиж байлаа.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй