“ЦАЦРАГИЙН ОСЛЫН БЭЛЭН БАЙДАЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ХАМТАРСАН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадтай хамтран “Цацрагийн ослын ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт, дадлагыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт, дадлагад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Төрийн тусгай хамгаалалтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, зэрэг 10 байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцсон.
Сургалт, дадлагын зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоолоор батлагдсан “Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах, цацрагийн ослын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиг үүргийг тодотгоход оршино.
Сургалт, дадлагын хугацаанд Монгол улсын цацрагийн ослын бэлэн байдал хариу арга хэмжээ, Олон улсад гарсан цөмийн болон цацрагийн ослын сургамж, “Цацрагийн ослоос хамгаалах үйл ажиллагааны улсын төлөвлөгөө”-ний танилцуулга зэрэг сэдвээр хичээл орж, цацрагийн бохирдолд хэмжилт хийх болон ариутгал цэвэрлэгээний машин механизмтай танилцлаа. Мөн Үндэсний аврах бригадын Тахилт дахь сургалт, дадлагын талбайд цацрагийн ослын нөхцөлд мэдээллийг шуурхай дамжуулах, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, ажиллагаанд оролцож буй албан хаагчдын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах, албан хаагч болон тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цацрагийн бохирдлыг арилгах зэрэг сургалт дадлагыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах, ослын нөхцөлд ажиллах, хариу арга хэмжээ авах сургалт, дадлага нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөх, ослын хор уршгийг хязгаарлах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг авах тун багасгахад чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дурьдахад 2017-2019 онд ОБЕГ-ын Үндэсний аврах бригадтай хамтран “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалтыг 3 удаа, 2018-2020 онд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангитай хамтран “Эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох нь” “Цацрагийн ослын үеийн мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага, сургуулилт тус тус зохион байгуулж, Дархан, Эрдэнэт, Булган аймагт эзэнгүй үүсгүүрийг илрүүлэх, аюулгүй болгох ажиллагааг амжилттай зохион байгуулсан билээ.