ОУАЭА-ИЙН 68 ДУГААР ЕРӨНХИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

ОУАЭА-ийн 68 дугаар Ерөнхий бага хурал 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Австри улсын Вена дахь агентлагийн төв байранд болж, тус байгууллагын гишүүн 178 орны төлөөлөгч оролцож байна.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси "ОУАЭА Европ дахь дайны хүнд байдлыг даван туулах, цөмийн ослоос урьдчилан сэргийлэх, хөгжиж буй орнуудыг эрүүл мэнд, хоол хүнсээр хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна.” гэж хэлэв. Даваа гаригт болсон Ерөнхий бага хурлын нээлт дээр ноён Гросси агентлагийн өнгөрсөн онд хийсэн ажил, ололт амжилтын талаар тайлагналаа.

7 хоногийн хугацаанд төлөөлөгчид 2023 оны жилийн тайлан, 2025 оны төсөв, цөмийн шинжлэх ухаан, технологи, хэрэглээтэй холбоотой үйл ажиллагаа, мөн ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, аюулгүйн баталгааны үр нөлөөг бэхжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх зэрэг олон сэдвийг хэлэлцэнэ. Мөн Украин дахь цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, аюулгүйн баталгаа, Ойрхи Дорнод болон БНАСАУ-ын аюулгүйн баталгааны арга хэмжээний талаар тусгайлан хэлэлцэх болно. Чуулганы танхимд болох хуралдаанууд, тэр дундаа албаны хүмүүс, төлөөлөгчдийн хэлсэн үгийг олон нийтэд шууд дамжуулж байна.

Бусад арга хэмжээ, айлчлалууд

Ерөнхий бага хурлын хугацаанд долоо хоногийн туршид ОУАЭА-ийн 25, гишүүн орнуудын 70 орчим дагалдах арга хэмжээ зохион байгуулах бөгөөд заримыг нь шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй болгох аж. ОУАЭА-ийн дагалдах арга хэмжээнүүд нь Хуванцар бохирдлыг хянах цөмийн технологи (NUTEC Plastics) санаачилгаар дамжуулан Антарктидын хуванцар бохирдлыг хянахаас эхлээд Цэвэр тэг ялгаруулалт (Atoms4NetZero) санаачлагын хүрээнд эрчим хүчний загварчлал нь улс орнуудад хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилтоо биелүүлэхэд нь хэрхэн тусалж болох зэрэг агентлагийн ажлын олон талт арга хэмжээг онцлон харуулах болно. Мөн Atoms4Food, Зоонозын өвчний эсрэг нэгдсэн арга хэмжээ (ZODIAC) болон Итгэл найдварын туяа: Хавдрын тусламжийг хүн бүрт зориулах (Rays of Hope: Cancer care for all) зэрэг ОУАЭА-ийн тэргүүлэх санаачлагуудтай холбоотой арга хэмжээнүүд болно.

Төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийнхэн үдийн цайны цагаар ОУАЭА-ийн Осол гэмтэл, яаралтай тусламжийн төвд зочилж, ОУАЭА-ийн архивын явган аялал, Уншлагын танхим, түүхийн чухал олдворуудыг агуулсан архивтай танилцах болно. Чуулганы үеэр хэд хэдэн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Atoms4Food шинжлэх ухааны форум – Сайн хөдөө аж ахуй, сайхан амьдрал

Ерөнхий бага хуралтай зэрэгцэн ОУАЭА жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шинжлэх ухааны форумыг есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд энэ жилийн “Сайн хөдөө аж ахуй – Сайхан амьдрал” уриан дор зохион байгуулж байна. Энэ нь ОУАЭА болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан санаачилга болох Atoms4Food-тэй холбоотой бөгөөд улс орнуудад хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, дэлхий нийтэд өлсгөлөнтэй тэмцэхэд туслах зорилготой юм. Чуулганаар хүнс, хөдөө аж ахуйд цөмийн болон холбогдох технологийг ашиглах шинэлэг арга замыг судлах болно.

Форум нь дараах 3 цуврал хуралдаанаар явагдана. Үүнд:

  • Хүнсний тогтвортой тогтолцоог сайжруулахад хөдөө аж ахуйг өөрчлөх цөмийн шинжлэх ухаан, технологийн боломжийг судлах;

  • Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах;

  • Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх.

Илтгэгчид хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлд цөмийн болон изотопын техникийг ашигласан хамгийн сүүлийн үеийн инновац; хөдөө аж ахуйн үйл ажиллагааны байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн тэгш байдалтай харилцан уялдаатай байх; үр дүнг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангахад оролцогч талуудтай хамтран ажиллахын ач холбогдлын талаар хэлэлцэнэ.

Энэхүү арга хэмжээ 2 өдөр үргэлжлэх бөгөөд төр, аж үйлдвэр, олон улсын байгууллагын хэд хэдэн өндөр түвшний төлөөлөгчид илтгэл тавина. Ноён Гросси форумыг нээж, мэдлэг солилцох, олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлохын тулд сүүлийн хуралдааны үеэр өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцох юм.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй