“ЦАЦРАГ ИДЭВХТ ҮҮСГҮҮР БҮХИЙ БАЙГУУЛАМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яам, Цацрагийн аюулгүй байдлын газар, Сандиагийн үндэсний лабораторитой Монгол Улсад цацраг идэвхт материалын биет хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Сандиагийн үндэсний лаборатори нь “Цацрагийн байгууламжийн биет хамгаалалтыг сайжруулах” төслийг 2009 оноос Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Изотоп контор, Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасаг, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвд тус тус амжилттай хэрэгжүүлж цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн тус лабораторитой хамтран 2016 оноос цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдал, аюулгүй байдлын дүрэм журам боловсруулах, хариу арга хэмжээ авах, төлөвлөх, хяналт шалгалт хийх, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хангах зэрэг агуулгын хүрээнд нийт 9 удаагийн сургалтыг зохион байгуулж, чиг үүрэг бүхий төрийн байгууллага болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагуудын 251 албан хаагчийг хамруулаад байна.

Энэ хүрээнд 2019 онд Сандиагийн үндэсний лабораторитой хамтран “Цацрагийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах” сэдэвт сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба 2024 оны 07 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд тус сургалтаар боловсруулсан байгууламжийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын загвар төлөвлөгөөний дагуу цацраг идэвхт үүсгүүр хэрэглэгч байгууллагууд өөрсдийн байгууламжийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын төлөвлөгөөг холбогдох чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөллүүдтэй хамтран боловсрууллаа.

Сургалтад цацраг идэвхт үүсгүүр хэрэглэгч 7 байгууллага, аюулгүй байдлыг хангах, хариу арга хэмжээ үзүүлэх чиг үүрэг бүхий 10 байгууллагын нийт 32 албан хаагч оролцож, цөмийн энергийн салбарын эрхзүйн орчин, цацраг идэвхт материалын аюулгүй байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад анхаарах асуудлууд, хэрэглэгч болон хариу арга хэмжээ авагч байгууллагуудын хамтын ажиллагааны уялдааны талаар илтгэл сонсон дасгал ажил хийж, мэдлэг чадвараа дээшлүүллээ.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Цөмийн болон цацраг идэвхт материалын зөрчил, хууль бус хөдөлгөөний мэдээллийн системээс үзэхэд тус санд 1995 оноос хойш нийт 3790 хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдал алдагдаж, зөрчилд холбогдох нь нийгмийн сэтгэл зүй, хүний эрүүл мэнд болон эдийн засагт хохирол учруулах эрсдэлтэй байдаг.

Цацраг идэвхт үүсгүүрүүдийн аюулгүй байдлыг өндөр түвшинд тогтвортой хангах болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад аливаа улсын төрийн байгууллагуудын уялдаа холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү сургалт нь ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах байгууллагуудын албан хаагч нарын цацрагийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамгаалалт, хариу арга хэмжээг авах стратеги төлөвлөгөөг сайжруулахад чухал ач холбогдолтой байлаа.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй