ОУАЭА-ИЙН 2021 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД БА ОЛОЛТ АМЖИЛТУУД-ЖИЛИЙН ТОЙМ 1-Р ХЭСЭГ

Цар тахлын хоёр дахь жил дуусаж байна. COVID-19-ийн тулгамдсан сорилтуудыг үл харгалзан ОУАЭА 2021 онд томоохон амжилтад хүрсэн байна.

ОУАЭА анх удаагаа Глазго хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал (COP26)-д дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд цөмийн технологийн гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэсэн. ОУАЭА-аас COP26-д хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох, хяналт тавихад цөмийн шинжлэх ухаан, технологи, тэр дундаа цөмийн эрчим хүчний ашиг тусын талаар ярилцахаар мэргэжилтнүүдийн төлөөлөгчдийг ахалж уг хуралд оролцов.

ОУАЭА Самоагийн Тусгаар Улсыг 173 дахь гишүүн орон болгон хүлээн авлаа. ОУАЭА нь өнгөрсөн 2021 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD), НҮБ-ын бүс нутаг хоорондын гэмт хэрэг, хууль зүйн судалгааны хүрээлэн (UNICRI), мөн “Цөмийн салбарын дэлхийн эмэгтэйчүүд” (WiN) ТББ зэрэг олон улсын бусад байгууллагуудтай хэд хэдэн шинэ түншлэл байгууллаа.

ОУАЭА нь нарийн бичгийн дарга нарын газарт жендэрийн тэнцвэрт байдлыг хангах, цөмийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг эрмэлздэг. Энэхүү ажлын хүрээнд Мари Склодовска-Кюригийн тэтгэлэгт хөтөлбөрийг 2020 онд бий болгосон бөгөөд энэ жил анхны тэтгэлэгт хамрагдагчид цөмийн салбарын төрөл бүрийн чиглэлээр магистрын зэрэгтэй төгсөж байна.

ОУАЭА 2021 онд мөн олон шинэ санаачилга гаргасан бөгөөд үүнд Хуванцрын бохирдлыг хянах цөмийн технологи (NUTEC Plastics) нь улс орнуудад далайн хуванцар бохирдлыг шийдвэрлэх стратегидаа цөмийн техникийг нэвтрүүлэхэд тусалдаг.

ОУАЭА нь хамтарсан иж бүрэн үйл ажиллагааны төлөвлөгөөний (JCPOA) дагуу Исламын Бүгд Найрамдах Иран Улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар хүлээсэн амлалтаа хэрхэн биелүүлж байгааг шалгаж, хянаж байна. Гэсэн хэдий ч 2021 оны 2-р сараас хойш Иран (JCPOA)-ын холбоотой амлалтаа хэрэгжүүлэхээ зогсоох шийдвэр гаргасны үр дүнд баталгаажуулах, хянах үйл ажиллагаанд нөлөөлсөн байна. Иран болон ОУАЭА-ийн хооронд байгуулсан хэд хэдэн түр хэлэлцээрийн дагуу өнгөрсөн жилийн ихэнх хугацаанд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг авч байсан.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА COP26

ОУАЭА хэд хэдэн засгийн газар, янз бүрийн байгууллага, залуучуудын бүлгүүдтэй хамтран цөмийн шинжлэх ухаан, технологийг COP26 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын хөтөлбөрт оруулахад тусалсан. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд цөмийн шинжлэх ухаан, технологийг ашиглахад улс орнуудад дэмжлэг үзүүлж, ОУАЭА нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад цөмийн эрчим хүч чухал үүрэгтэй оролцож буйд анхаарал хандуулах, цөмийн шинжлэх ухаан, технологи нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүнд хяналт тавих ажлыг хэрхэн дэмжиж байгааг олон нийтэд таниулах зорилгоор хэд хэдэн өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулав.

Уулзалтын үеэр ноён Гросси уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд цөмийн технологийн гүйцэтгэх үүргийн талаар томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн бөгөөд Financial Times сэтгүүлийн сэтгүүлчтэй, дэлхий даяар уур амьсгалын хямрал, эрчим хүчний нийлүүлэлтийн хямралыг даван туулах талаар ярилцав. Арга хэмжээний үеэр ноён Гросси дэлхийн олон арван удирдагчид болон шийдвэр гаргагчидтай уулзаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд цөмийн шинжлэх ухаан, түүний олон талын хэрэглээ нь улс орон, бүс нутгуудад хэрхэн ашиг тусаа өгөх талаар ярилцав. ОУАЭА-аас “Цэвэр тэг дэлхийн цөмийн инноваци” (Nuclear Innovation for a Net Zero World) сэдэвт өндөр түвшний олон талт яриа хэлэлцээр хийж, хэлэлцүүлэгт оролцогчид нүүрстөрөгчийн хэрэглээг цэвэр тэг рүү шилжих боломжийг бүрдүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай байгаа талаар ярилцсан байна. ОУАЭА-ийн бусад хэд хэдэн арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтуудыг даван туулахад хөдөө аж ахуйн систем, байгалийн нөөцийн ашиглалтын менежментийг хэрэгжүүлэхэд туслах цөмийн салбарын үүргийг танилцуулав.

COP26-ын өмнөхөн ОУАЭА нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нүүрстөрөгч багатай эрчим хүчний бусад эх үүсвэрийн хамт цөмийн эрчим хүч чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон харуулах зорилгоор вебинар зохион байгуулж, тайлан гаргажээ. Цөмийн технологи нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, цаг агаарын эрс тэс үзэгдэлд илүү тэсвэртэй болоход хэрхэн тусалж болох тухай “Цөмийн шинжлэх ухаан, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох технологи” тайланг гаргажээ. Цэвэр тэг дэлхийн цөмийн эрчим хүч нь нүүрс болон бусад чулуужсан түлшийг орлуулж, сэргээгдэх эрчим хүчийг цаашид ашиглах, их хэмжээний цэвэр устөрөгчийн хэмнэлттэй эх үүсвэр болгох замаар Парисын хэлэлцээр болон “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд цөмийн эрчим хүч чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв.

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ

Арван жилийн өмнө тохиолдсон Фүкүшима Дайчигийн ослоос хойш анх удаа ОУАЭА ирэх жилүүдэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн өсөлтийн төсөөллөө дээшлүүлсэн байна. Энэхүү нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэрийн талаарх төлөвийг өөрчилсөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд шатах түлшнээс татгалзаж байгаатай холбоотой юм.

ОУАЭА-ийн “Цэвэр тэг дэлхийн цөмийн эрчим хүч” тайлангийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний зорилтуудыг дэмжихийн тулд цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг харуулсан гурван жилийн Зохицуулсан Судалгааны Төслийн (CRP) нэг хэсэг болгон шинэ судалгааны дүнг нийтлэв.

ОУАЭА уран олборлолт, шинэ болон ажиллаж байгаа реакторуудаас авахуулаад эрчим хүчний бус хэрэглээ, цацраг идэвхт хаягдлын менежмент, ашиглалтаас гаргах хүртэлх  цөмийн байгууламжийн амьдралын бүх мөчлөгийн туршид оролцогч талуудтай хамтран ажиллах улс орны хүчин чармайлтыг дэмжих зорилгоор "Цөмийн хөтөлбөрт оролцогч талуудын оролцоо" хэмээх гарын авлага гаргалаа.

2021 оны 09-р сард ОУАЭА нь шинээр гарч ирж буй цөмийн эрчим хүчний технологийг хөгжүүлэх, ашиглахад дэлхийн улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой Бага чадлын модуляр реакторууд (SMRs) болон тэдгээрийн хэрэглээний платформоо эхлүүлсэн. Энэ нь технологийн хөгжил, ашиглалт, цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, хамгаалалт зэрэг SMR-ийн талаарх ОУАЭА-ийн бүх төрлийн дэмжлэг, туршлагад хандах нэг цонхны үйлчилгээгээр мэргэжилтнүүдийг хангадаг.

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/iaea-highlights-and-achievements-in-2021-a-year-in-review

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй