БНХАУ-ын хөгжлийн бодлого, хөтөлбөр, цөмийн салбарын гадаад хамтын ажиллагаа

БНХАУ-ын Коммунист намын 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Бүгд хурлаар “2016-2020 оны хооронд хэрэгжүүлэх 13 дугаар 5 жилийн төлөвлөгөө”-г баталсан байна. 

БНХАУ-ын өмнөх бодлого, төлөвлөгөө нь ихэвчлэн газар, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, ажиллах хүч зэрэгт тулгуурладаг байсан бол энэхүү бодлогоо өөрчилж, Инновацид тулгуурлан хөгжих нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах зам болно хэмээн үзжээ. Хот, хөдөө болон эдийн засаг, нийгмийн хамгааллын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Харилцан уялдаатай хөгжих ёстой.

Хүн ба байгалийн зохистой харилцааг хангах үүднээс Ногоон хөгжлийг чухалчилж байна. Өмнө нь зөвхөн байгалийн баялгийг ашиглах зорилт тавьдаг байсан бол ирээдүйд байгаль дэлхийг хайрлаж, ногоон хөгжлийг дэлгэрүүлэхэд илүү их хүч гарган ажиллах болно. БНХАУ-ын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, олон улсын хөгжлийн боломжийг ашиглах чиглэлд анхаарах зорилгоор Нээлттэй хөгжил үзэл баримтлалыг боловсруулсан. Өнгөрсөн 5 жилийн төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн нь нээлттэй бодлого хэрэгжүүлж, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсантай салшгүй холбоотой. БНХАУ-ын хөгжлийг ард түмэнд илүү хүргэх зорилгоор Хүртээмжтэй хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн улс хөгжих бус ард түмний сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх юм. Цаашид хүний эрхийг дээдлэх болно хэмээн тодотгожээ.

БНХАУ нь цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмалын салбарт гадаад бодлогоо тэлж, гадаад харилцаагаа ихээхэн өргөжүүлж байна. 2015 оны 12 дугаар сарын байдлаар БНХАУ-д ажиллаж байгаа 30 цөмийн эрчим хүчний реактор, баригдаж байгаа 21, төлөвлөсөн 43, нэмж 136-г барихаар яригдаж буйг Олон улсын атомын энергийн агентлаг мэдээлсэн. БНХАУ-ын цөмийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2014 онд 17 ГВт байсныг 2020 онд 58 ГВт болгож нэмэгдүүлэхийн тулд 100 тэрбум ам.доллар зарцуулах зорилт тавьсан. БНХАУ-ын цөмийн энергийн салбарын төрийн байгууллагууд цөмийн түлшний циклийн эхний шат болох ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын шатанд ихээхэн анхаарал хандуулж, БНФУ-ын Арева группын цөмийн фирмийн зарим хувьцааг худалдан авахаар яриа хэлэлцээр хийж, олон улсын ураны төслүүдийг идэвхтэй ажиглах боллоо. Хятадын үндэсний цөмийн корпорацийн охин компани болох“CNNC International”-ийн Гүйцэтгэх захирал Ван Яан Хятадын цөмийн эрчим хүчийг өргөжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус улс нь ураны эрэлт, хэрэгцээгээ хангахын тулд Австрали, Канад, Казахстан улсын зардал багатай ураны төслүүдийг худалдан авах сонирхолтой байгаагаа Өмнөд Хятадын Өглөөний шууданд мэдээлсэн байна.

Түүнээс гадна БНХАУ нь зөвхөн энэ оны сүүлээр ИБУИНВУ, БНЧУ, Румын, Аргентин, Словак, Казахстан, Өмнөд Африк улстай цөмийн эрчим хүч, цөмийн түлшний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулах чиглэлээр дараах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулсан байна 10.

-     Их Британийн Хинклей Пойнт дахь шинэ цөмийн эрчим хүчний станц барих төслийн хувьцааны 1/3 хувь болон цаашид баригдах 2 станцын хувьцааг БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний групп /CGN/ худалдан авахаар болжээ. 2015 оны 10 сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жинпинь Их Британи Улсад төрийн айлчлал хийх үеэр тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой 2 улсын цөмийн салбарт хамтран ажиллах зорилгоор 62.0 тэрбум ам.долларын (40 тэрбум англи фунт) гэрээнд гарын үсэг зурсан байна. Түүнчлэн энэхүү айлчлалын үеэр Хинклей Пойнт төслийг эзэмшигч БНФУ-ын Эрчим хүчний компани тус төслийн хувьцааны 66.5%-ийг, БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний групп /CGN/ 33.5%-ийг эзэмшихээр “Стратегийн хөрөнгө оруулалт”-ын гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр гарын үсэг зурсан байна.

-     2015 оны 11 дүгээр сарын 25-нд Бээжин хотод болсон Хятад, Төв болон Зүүн Европын улсуудын 4 дүгээр дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян, БНЧУ-ын Ерөнхий сайд Вохуслав Соботка нар цөмийн эрчим хүч, бусад салбарт хөрөнгө оруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсныг Синьхуа агентлаг мэдээлсэн. БНХАУ нь дэлхий даяар өрсөлдөх чадвартай аюулгүй, хямд үнэтэй цөмийн эрчим хүчний технологи, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг бөгөөд БНЧУ-ын цөмийн эрчим хүчний бизнест Хятадын тал оролцох сонирхолтой байгааг Ли Кэцян дурдсан байна.

-     Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Словак улсад цөмийн түлш нийлүүлэх зорилготой харилцан ойлголцлын санамж бичгийг БНХАУ-ын Үндэсний цөмийн корпораци, Словакийн Эдийн засгийн яам хооронд байгуулжээ.

-     Румын Улсын үндэсний цөмийн Нуклерэлектрика компани БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний групп /CGN/-тайКернавода цөмийн эрчим хүчний станцын 3, 4 дүгээр нэгжийг барих, ажиллуулах, ашиглалтаас гаргах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Төслийн хүрээнд хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулж, Хятадын цөмийн эрчим хүчний групп 51%-аас багагүй хувьцааг эзэмшихээр болжээ.

-     БНХАУ нь Аргентин Улсад 2 цөмийн эрчим хүчний станц барих зорилгоор хэлэлцээр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Турк улсад болсон Жи20 (G20)-ийн уулзалтын үеэр БНХАУ-ын Цөмийн үндэсний корпораци, Аргентин Улсын Нуклерэлектрик СА (Nucleoeléctrica Argentina SA)-ын удирдлагуудгэрээнд гарын үсэг зурсан байна.

2015 оны 12 дугаар сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Их Хурлаар 9600 МегаВатт хүчин чадалтай 8 нэгж бүхий цөмийн эрчим хүчний станц барих хөтөлбөрийг баталж, тус улсад цөмийн эрчим хүчний станц барих тендерт ОХУ, БНСУ, АНУ, БНФУ, БНХАУ өрсөлдөн, 6 нэгж бүхий станцыг 93.0 тэрбум ам.доллараар БНХАУ барихаар боллоо.

Газрын зураг

Бидэнтэй нэгдээрэй