Эрчим хүчний сэргэлт: ШИНЭ ЭХ ҮҮСВЭРҮҮДИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛНЭ
УИХ-аас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан. Бодлогын хүрээнд “Монголын эдийн засгийн форум-2022” чуулга уулзалтыг 2022 оны 04 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт бүхий урьдчилсан хэлэлцүүлгүүдийн анхны хэлэлцүүлэг болох “Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлгийг төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэг дараах дөрвөн сэдвээр өрнөсөн. Үүнд:
Хэлэлцүүлэг 1: Хөгжлийн төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн оролцоо
Хэлэлцүүлэг 2: Эрчим хүчний салбарын шинэ тарифын тогтолцоо
Хэлэлцүүлэг 3: Сэргээгдэх эрчим хүч – Ногоон хөгжил
Хэлэлцүүлэг 4: Эрчим хүч – Бүсийн хөгжил.
Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав “Сэргээгдэх эрчим хүч – Ногоон хөгжил” хэлэлцүүлэгт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж буй цөмийн эрчим хүчний чиглэлээр оролцон, мэдээлэл хийж, сонирхсон асуултуудад хариуллаа.
Цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг шатдаг түлш ашиглаж буй эрчим хүчний станцуудаас технологийн хувьд ялгаатай, ашигт үйлийн коэффициент өндөртэй, цахилгаан, дулаан үйлдвэрлэх, мөн далайн ус цэвэршүүлэх, устөрөгч үйлдвэрлэх зэрэг олон давуу талтай. Өнөөгийн байдлаар дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 10.5%-ийг цөмийн эрчим хүч хангаж байгаа ба 32 оронд 393 ГВт-ын суурилагдсан хүчин чадалтай 443 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, 52 реактор шинээр баригдаж байна. Манай хөрш ОХУ, БНХАУ нь цөмийн эрчим хүч ашиглах явдлыг эрчимжүүлж, 2050-2060 он гэхэд нүүрстөрөгч ялгаруулдаггүй эх үүсвэрт шилжих зорилтыг тавьж байна.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ЦЭХС (цөмийн эрчим хүчний станц) барих зардал, 1 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өртөг, технологийн давуу тал, Европын Холбоо цөмийн эрчим хүчийг ногоон ангилалд оруулсан талаарх асуултууд ирж, Ажлын албаны дарга хариулт өглөө.
ЦЭК-ын Ажлын алба нь 2018 онд МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын эрчим хүчний эрэлтийг судалж, 2030 оны эрчим хүчний хэрэглээнд Монгол Улсад 300 МВт-ын чадалтай ЦЭХС тохиромжтой гэж урьдчилан тооцоолсон бөгөөд үйлдвэрлэх 1 кВт.ц цахилгааны өртгийг 5 цент орчим байна гэж үзсэн.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид ЦЭК-ын Ажлын алба нь Эрчим хүчний яам болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран цөмийн эрчим хүчийг ашиглах талаар судалгааны ажлыг үе шаттайгаар эхлүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.