Зургийн цомог

forum_20101209_3.jpg

Холбоосууд

МАНАЙ ЗОЧИД

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр75
mod_vvisit_counterӨчигдөр404
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1645
mod_vvisit_counterЭнэ сард12664
mod_vvisit_counterНийт2480928
Манайд 6 зочид онлайн
avliga

iaacmn

meduuleg

Төрийн хяналт шалгалтын тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ

2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

2 дугаар зүйл. Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж

2.1.Монгол Улсын төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж нь энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ

3 дугаар зүйл. Төрийн хяналт шалгалтын тогтолцоо, хүрээ

3.1. Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашидмэргэжлийн хяналтгэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ.

3.2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын хяналт болон Төрийн аудитын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор зохицуулна

3.З. Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл. Төрийн хяналт шалгалтын

үндсэн зарчим

4.1.Төрийн хяналт шалгалт /цаашид "хяналт шалгалт" гэх/ нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх зарчимд үндэслэсэн байна.

5 дугаар зүйл. Хяналт шалгалт хийх нийтлэг

үндэслэл, журам

5.1. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид "Хяналт шалгалтын байгууллага" гэх/ хяналт шалгалтыг өөрийн санаачилгаар, эрх бүхий байгууллагын даалгаснаар, түүнчлэн хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.

5.2. Хяналт шалгалтад холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах замаар хяналт шалгалт хийхийг хориглоно.

5.З. Хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ.

Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан тухайн байгууллагад мөрдөж буй дүрэм, журамд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтыг зохих удирдамжгүйгээр өөрийн санаачилгаар хийж болно.

5.4. Хяналт шалгалтын байгууллага нь хяналт шалгалт хийх болсон тухай шалгуулах этгээдэд урьдчилан мэдэгдэж болно.

5.5. Хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан, хяналт шалгалтын ажилд оролцсон бусад этгээд хяналт шалгалтын явцад авсан мэдээллийг өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

5.6. Хяналт шалгалтын байгууллага нь шалгасан асуудлаар тухайн этгээдийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлын шалтгааныг тогтоон, түүнийг арилгах арга хэмжээг авахуулж, шаардлагатай бол зохих хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх буюу холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

5.7. Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна.

5.8. Хяналт шалгалтын дүнг шалгуулсан этгээдэд танилцуулж холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулна. Хэрэв шалгуулсан этгээд хяналт шалгалтын баримт бичигт заасан зүйлийг зөвшөөрөөгүй буюу гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбараа бичиж гарын үсгээ зурна.

5.9. Хяналт шалгалтын байгууллага нь илгээгчийн овог нэр, хаяг тодорхой бус гомдол, мэдээллийг хүлээж авахгүй.

5.10. Хяналт шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрсэн тохиолдолд хяналт шалгалтын байгууллага холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад харьяаллын дагуу шилжүүлнэ.

5.11. Эд хөрөнгийн хохирол учруулсан нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон бол уг хохирлыг холбогдох этгээдээр хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шаардана. Уг шаардлагыг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан заасан хугацаанд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч энэ тухайгаа хяналт шалгалтын байгууллагад бичгээр мэдэгдэнэ.

Хэрэв шаардлагыг хүлээж авахаас татгалзсан буюу тогтоосон хугацаанд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ аваагүй бол буруутай албан тушаалтанд энэ хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах, эсхүл уг асуудлыг шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ.

5.12. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтын байгууллага хийсэн хяналт шалгалтынхаа дүнг олон нийтэд мэдээлнэ.

5.1З. Хяналт шалгалтын байгууллага хяналт шалгалт хийхдээ төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгийг авч болно.

5.14. Хяналт шалгалтын байгууллага өөрийн эрхлэх хүрээний асуудлаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж болно.

Хяналт шалгалтын байгууллага мэдээллийн нууцыг чандлан хамгаална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хяналт шалгалтын талаархи төрийн

захиргааны байгууллагын бүрэн эрх

6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

6.1. Хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаар зохиосон ажил, түүний үр дүнг Улсын Их Хуралд жил тутам тайлагнана.

6.2. Засгийн газар, яам, агентлаг болон мэргэжлийн хяналтын байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохион байгуулж байгаа ажилд дүн шинжилгээ хийж, үр нөлөөг нь сайжруулах арга хэмжээ авна.

6.3. Захиргааны хяналтын үр ашигтай тогтолцоо бий болгох арга хэмжээ авч, мэргэжлийн хяналтын байгууллагуудын харилцан ажиллагааг нийтлэг зорилгод чиглүүлэн зохицуулна.

6.4. Яам, агентлаг болон төрийн бусад байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг тогтооно.

6.5. Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

7 дугаар зүйл. Яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн

захиргааны байгууллагын бүрэн эрх

7.1. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдлагын эрхэлсэн салбар, харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратын хэмжээнд зохион байгуулж, явц, үр дүн, биелэлтийг тогтоосон журмын дагуу Засгийн газарт мэдээлж байна.

7.2. Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ.

7.З. Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяа байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсоно.

7.4. Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна.

8 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны

Засаг даргын бүрэн эрх

8.1.Бүх шатны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах;

8.1.2.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ мэдээлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүн, биелэлтийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу дээд шатны Засаг дарга, Засгийн газарт мэдээлэх.

8.2. Аймаг, нийслэлийн Засаг даргын тусгай бүрэн эрх:

8.2.1. Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн өөрийн болон доод шатны Засаг даргын ажлын алба, харьяа байгууллага, аж ахуйн нэгжид дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлэх;

8.2.2. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байдлыг судлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж нэгтгэн, тэдгээрийг боловсронгуй болгох саналаа Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн мэдүүлэх;

8.2.З. сум, дүүрэг, харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна.

8.З. Сум, дүүргийн Засаг даргын тусгай бүрэн эрх :

8.3.1. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай нутаг дэвсгэртээ оршдог байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсож, илтгэл сонсголыг хэлэлцэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах.

9 дүгээр зүйл. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх

байгууллага, түүний бүрэн эрх

9.1. Мэргэжлийн хяналтыг хуулиар эрх олгогдсон байгууллага, алба хэрэгжүүлэх бөгөөд түүнийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

9.2. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.2.1. хууль тогтоомж болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих;

9.2.2. мэргэжлийн хяналтын орон нутгийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

9.2.З. мэргэжлийн хяналтын мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;

9.2.4. хяналтын хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмыг хэрэглэж байгаа байдлыг судлан нэгтгэж, холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй болгох саналаа зохих байгууллагад оруулах;

9.2.5 хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

10 дугаар зүйл. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний

нийтлэг бүрэн эрх

10.1. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутгийн байгууллагад улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.

10.2. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож Монгол Улсын Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

10.З. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.

10.4. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв болон орон нутгийн байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.

10.5. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөж мэргэжлийн хяналтын төв байгууллагын дарга томилно.

10.6. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын дарга нь улсын ахлах байцаагч байна.

10.7. Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагч томилж, чөлөөлнө.

10.8. Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

10.9. Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.9.1. хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих;

10.9.2. хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;

10.9.3. холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

10.9.4. хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

10.9.5. бүтээгдэхүүний дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо, хэмжээгээр үнэ төлбөргүй авах, шинжлүүлэх;

10.9.6. байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлогод оруулах, мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;

10.9.7. хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай шийдвэр гаргах;

10.9.8. хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;

10.9.9. ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон их хэмжээний хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

10.9.10. улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй;

10.9.11. улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;

10.9.12. хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах;

10.9.13. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

10.10. Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно.

10.11.Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргыг төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/.

11 дүгээр зүйл. Улсын байцаагчийн бүрэн эрхээ

хэрэгжүүлэх баталгаа

11.1. Улсын байцаагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана:

11.1.1. хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг тогтоосон журмын дагуу тухайн байгууллага нь нөхөн олгох;

11.1.2. хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах;

11.1.З. хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон тохиолдолд түүний албан тушаалын гурван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн ар гэрт олгох.

11.2. Энэ зүйлийн 11.1.2, 11.1.З-т заасан тэтгэвэр, тэтгэмж болон албан тушаалын цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Нутгийн өөрөө удирдах байгууллага болон бусад

байгууллага, хуулийн этгээдийн хяналт шалгалтын

талаархи бyрэн эрх

12 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх

12.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1. холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай Засаг дарга, өөрийн нутаг дэвсгэр дэх тухайн засаг захиргааны нэгжид харьяалагдах байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсох, илтгэл сонсголыг хэлэлцэх;

12.1.2. дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэрийнхээ холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах;

12.1.3. холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдуулан Хурлын төлөөлөгчдөөс тавьсан асуулт, асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл зохих шийдвэр гаргах;

12.1.4. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж хянан шалгах бүрэн эрхээ Засаг дарга хангалтгүй хэрэгжүүлж байна гэж үзвэл түүнийг бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө огцруулах тухай саналыг Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг даргад тавих;

12.1.5. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

12.2. Энэ зүйлийн 12.1.1-д заасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсох, илтгэл сонсголыг хэлэлцэх болон 12.1.2-т заасан бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Хурлын чөлөө цагт хэрэгжүүлнэ.

13 дугаар зүйл. Хяналт шалгалтын талаархи байгууллага,

аж ахуйн нэгжийн үүрэг

13.1. Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана.

13.2. Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.

14 дүгээр зүйл. Хяналт шалгалтын шийдвэрийн

талаар гомдол гаргах эрх

14.1. Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана.

14.2. Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

ДӨРӨВДYГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

15 дугаар зүйл. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрх бүхий

албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага

15.1. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

16 дугаар зүйл. Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж

зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

16.1. Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд улсын ерөнхий, ахлах болон улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

16.1.1. хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-20000 хүртэл төгрөгөөр торгох;

16.1.2. хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-50000 хүртэл төгрөгөөр торгох;

16.1.3. хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 60000 хүртэл төгрөгөөр торгох;

16.1.4.хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;

16.1.5. шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 30000 хүртэл төгрөгөөр торгох.

16.2. Гэм буруутай этгээдэд энэ зүйлийн 16.1-д заасан захиргааны шийтгэл ногдуулсан нь хууль тогтоомжид заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

16.3. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР