|
Цөмийн технологийн газар нь цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги ашиглах болон хөдөө аж ахуй, эмнэлэг, сургалт, судалгаа шинжилгээ, хүрээлэн байгаа орчинд цөмийн технологийг нэвтрүүлэх, хэрэглэх, хөгжүүлэх ажиллагааг Монгол улсын хэмжээнд хариуцан зохицуулж ажилладаг.
Цацраг идэвхт ашигт малтмал ба цөмийн эрчим хүчийг ашиглахтай холбогдон Цөмийн энергийн тухай хуулийн дагуу хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цацраг идэвхт ашигт малтмалыг хайх, олборлох, боловсруулах, баяжуулах болон цөмийн реакторын технологи нэвтрүүлэх, нутагшуулах, түүний аюулгүй ажиллагаа, түлш, хаягдлын менежмент зэргийг судлах, зохицуулах явдал юм.
Тэрчлэн манай улсын голлох салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр Олон улсын атомын энергийн агентлаг, ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хөгжүүлэх, энэ чиглэлийн хүний нөөцийн бодлогын асуудлыг хариуцан зохицуулалт хийх үндсэн чиг үүрэгтэй.
Цөмийн технологийн газар нь Цөмийн технологи нэвтрүүлэх хэлтэс, Цөмийн материалын хэлтэс, "Изотоп" контор, Дозиметрийн тохируулага баталгаажуулалтын лаборатори гэсэн үндсэн 4 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Үйл ажиллагааны чиглэл нь
- Цөмийн энерги ашиглах, технологи нэвтрүүлэх бодлого
- Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах бодлого
- Цөмийн технологи нэвтрүүлэх бодлого
- Цацраг идэвхт материал болон цацрагийн үүсгүүрийн улсын захиалга, бүртгэлийн бодлого
- Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого
- Цацраг идэвхт материал хаягдал болон цацрагийн үүсгүүрийн тээвэрлэлтийн бодлого
- Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги, цөмийн болон цацрагийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх бодлого боловсруулах
- Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтыг шийдвэрлэх бодлого зэрэг болно
|