Изотоп контор нь байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн түр ашиглагдахгүй байгаа, технологийн шаардлага хангахгүй болж цаашид ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүр, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд нэгтгэн төвлөрүүлж хадгалах, хамгаалах, тээвэрлэх, боловсруулах, овор хэмжээг багасгах, булшлах зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, тэдгээртэй холбоотой цацрагийн аюулгүй байдлын үндэсний дэд бүтцийг боловсронгуй болгох асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх үндсэн үүрэгтэй.
Изотоп контор нь үйл ажиллагаандаа Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын Цөмийн энергийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Цацрагийн аюулгүйн норм, Цацрагийн ариун цэврийн үндсэн дүрэм, Цацраг идэвхт бодисыг аюулгүй тээвэрлэх дүрэм, Изотоп конторт хүн ба тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх журам, цацрагийн хамгаалалтын тухай ОУАЭА-ийн болон олон улсын стандарт болон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод журмыг мөрдлөг болгодог.
Изотоп контор нь Монгол Улсын Засгийн Газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор Дотоодын Цэргийн хамгаалалтад байх Улсын онц чухал обьект байхаар заасан болно.
Изотоп контор нь гадны халдлагаас хамгаалагдсан биет хамгааллын орчин үеийн дижитал камер, дохиоллын иж бүрэн системээр тоноглогдсон.
Изотоп контор нь цацраг идэвхт бодистой харьцах багаж хэрэгсэл, дэд бүтэц, байгууламж, мэргэжлийн боловсон хүчинтэй ажиллаж байна.
Хэрэглэгч байгууллагаас цацрагийн үүсгүүр болон цацраг идэвхт хаягдлыг хүлээн авч хадгалахдаа мэргэжлийн заавар зөвлөмж өгөх, гэрээ байгуулах, акт үйлдэх, протокол хөтлөх төлөвлөгөөг урьдчилан боловсруулж, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг явуулдаг.
Цацрагтай ажиллагчдын мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх олон улсын сургалт семинарт оролцуулах, үндэсний сургалт семинар зохион явуулж байдаг.
Үйл ажиллагааны хэтийн зорилго
Цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанаас гарах цацраг идэвхт хаягдал болон технологийн хаягдлыг хадгалах, булшлах зэрэг асуудалтай холбоотойгоор конторын үйл ажиллагааг өргөтгөх;
Цацрагийн үүсгүүрийг захиалах, импортлох, хуваарилах, зуучлахх, түрээслэх, хүлээн авах ажлыг цогцоор нь шийдвэрлэх;
Цацрагийн үүсгүүрийн улсын бүртгэл хөтөлж, мэдээллийн санг боловсронгуй болгох.
Изотоп конторын түүхийн хуудаснаас
1982 МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор цацраг идэвхт изотоп захиалах, хуваарилах, тээвэрлэх, хадгалах болон булшлах үүрэгтэйгээр байгуулагдсан;
1984 Материал техникийн хангамжийн улсын хорооны харъяа болгосон;
1987 БНМАУ-ын СНЗ-ийн 348 дугаар тогтоолоор Эдийн засаг, гадаад харилцаа, хангамжийн яамны харьяанд орж, улс ардын аж ахуйг тэсрэх материал, тэсэлгээний хэрэгсэл, цацраг идэвхт изотоп бүтээгдэхүүнээр хангах үүрэг хүлээн изотоп бүтээгдэхүүн түүнийг ашиглахтай холбогдсон тоног төхөөрөмж, багаж, хамгаалах хэрэгсэл, тэсрэх материалыг захиалж төвлөрүүлэн хадгалж хамгаалах болон тэдгээрийг хэрэглэж, ашиглах эрх бүхий байгууллагад зуучлан үйлчлэх үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн;
1992 Төрөл бүрийн барааны импорт, экспортын хангамжийн нэгдлийн харьяанд шилжин изотоп бүтээгдэхүүн, түүнийг ашиглахтай холбогдсон тоног төхөөрөмж, багаж хамгаалах хэрэгсэл, тэсрэх материалыг захиалж төвлөрүүлэн хадгалж хамгаалах болон тэдгээрийг хэрэглэж, ашиглах эрх бүхий байгууллагад зуучлах чиг үүрэгтэйгээр ажиллаж эхэлсэн;
1994 Засгийн газрын 93 дугаар тогтоолоор Улсын иргэний хамгаалалтын газрын харъяалалд шилжсэнээр тэсрэх материал, тэсэлгээний хэрэгсэл, цацраг идэвхт бүтээгдэхүүний захиалга, хуваарилалт хийхээ больсон;
1997 Монгол Улсын Засгийн газрын 180 дугаар тогтоолоор Изотоп конторыг Цөмийн Энергийн Комиссын харьяанд шилжүүлэхээр болсон.
Нэр томъёо