ЦӨМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) 2022 оны 2 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Австри Улсын Вена хотноо Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, түүний нэмэлтийн тухай олон улсын семинарыг зохион байгуулав.

Семинарын үйл ажиллагааг нээж, ОУАЭА-ийн Цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны газрын Олон улсын хамтын ажиллагаа болон хөгжлийн хөтөлбөрийн хэлтсийн дарга Jason Tierney нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц 1987 онд хүчин төгөлдөр болсноос хойш 164 улс нэгдэн орсон ба тус конвенцын нэмэлт нь 2005 онд батлагдаж, 2016 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд 128 орон нэгдэн орсон тухай танилцуулав. Конвенцын зорилго нь цөмийн материалыг энх тайвны зорилгоор ашиглахад олон улсын тээвэрлэлтэд биечлэн хамгаалах, олон улсад мэдээлэл солилцох, хулгайлах гэмт хэрэг шийдвэрлэхтэй холбоотой асуудлуудыг зохицуулдаг талаар дурдав.

Цөмийн материалыг энх тайвны зорилгоор ашиглахад биет хамгаалалтыг хангах, цөмийн материалыг ашиглах, хадгалах, олон улсад болон дотоодод тээвэрлэх үйл ажиллагаанд биет хамгаалалтыг хангах, хулгай, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглагдахаас сэргийлэх ач холбогдолтой талаар тэмдэглэн хэлэв.

Уулзалтын хүрээнд ОУАЭА-ийн Хуулийн хэлтсээс Цөмийн аюулгүй байдлыг хангах олон улсын хуулийн зохицуулалтын чухал асуудлуудын талаар танилцуулж, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, түүний нэмэлтэд нэгдэн орохын ач холбогдлын талаар,  Нэгдсэн үндэсний байгууллагын Гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх газар UNODC-ийн Терроризмоос сэргийлэх хөтөлбөрийн мэргэжилтэн Цөмийн терроризмыг хориглох тухай конвенц (ICSANT)-ын талаар тус тус танилцуулсан.

Конвенцын нэмэлтэд нэгдэн орсноор цөмийн аюулгүй байдлыг хангах, бүсийн болон олон улсын хэмжээнд мэдээлэл солилцох, туслалцаа авах, цөмийн материал, цөмийн байгууламжийг гэмт хэрэг, террорист халдлагад өртөхөөс сэргийлэх, терроризм болон гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын 1540 тогтоолын хэрэгжилтийг хангах үүргийг биелүүлэхэд дэмжлэг болох ач холбогдолтой юм.

Цөмийн терроризмыг хориглох тухай конвенц нь 2005 онд батлагдаж, 2007 онд хүчин төгөлдөр болсон. Цөмийн материал, цөмийн байгууламж төдийгүй бүхий л цацраг идэвхт материал болон цацраг идэвх тархаах багаж төхөөрөмжтэй холбоотой үйл ажиллагаа, гэмт хэрэг зөрчил, тэдгээрийг шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг хамарсан. Энхтайвны зорилгоор ашиглах үйл ажиллагаа төдийгүй батлан хамгаалах үйл ажиллагааг мөн хамаардаг тул илүү өргөн хүрээтэй конвенц юм.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц түүний нэмэлтийг хэрэгжүүлэхэд ОУАЭА-аас конвенцид нэгдэн орохын ач холбогдлыг талаар ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд гишүүн улс орнуудтай цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг хангах хамтын ажиллагааны хүрээнд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргагч нарт зориулсан сургалт, семинар, техникийн аялал зохион байгуулах зэрэг чиглэлийн хүрээнд дэмжлэг үзүүлэх техникийн туслалцааг санал болгодог.

Монгол Улс цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын нэмэлтэд энэ онд нэгдэн орох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нэгдэн ороход олон нийт болон шийдвэр гаргагч нарт конвенцын ач холбогдол, хүлээх үүргийн тухай бүрэн дүүрэн мэдээлэл өгөх нь чухал ач холбогдолтой талаар байр сууриа илэрхийлэв.