ҮНЭТ ЧУЛУУНЫ ӨНГИЙГ ХУВИРГАХ ЦӨМИЙН ТЕХНОЛОГИ БА ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Судалгааны реактор дээр үнэт чулууг цацрагаар шарж өнгийг сайжруулах, зах зээлийн үнийг нэмэгдүүлэх нь практикт өргөн тархсан арга юм. ОУАЭА нь уг аргыг ажилчид болон хэрэглэгчдэд аюулгүй байлгахыг баталгаажуулахаар үндэсний зохицуулагчидтай хамтран ажилладаг.

Үнэт чулууг яагаад цацрагаар шардаг вэ?

Кристалыг тодорхой хэмжээний ионжуулагч цацрагаар болгоомжтой шарснаар тухайн кристалын молекулын бүтцэд өөрчлөлт орж, өнгө нь илүү тодордог. Цацрагийн нөлөөллөөр үнэт чулууны оронт торноос электрон сугаран гарснаар гэрлийн шингээлтийн бүтэц нь өөрчлөгддөг.

Цацрагаар шарсан алмаз, индранил, молор нь бусад үнэт чулуунуудын адил олборлох үеийн бүрсгэр сүүдэрлэлт мэдэгдэхүйц сайжран тод хөх, ногоон, ягаан болон өөр бусад тод өнгөнүүдтэй болдог.

Дөнгөж шарсны дараа чулуунууд нь идэвхжиж зарим цараг идэвхт материал агуулж болох тул үнэт эдлэлийн үйлдвэрийн ажилчид болон хэрэглэгчдийн аюулгүй ажиллагааг хангаж, сайтар хяналт тавих шаардлагатай байдаг. Иймд ийм төрлийн чулууг үйлдвэрлэж, худалдаалж буй хүмүүсийн цацрагийн хамгаалалтад үр дүнтэй хяналт тавих нь маш чухал юм.

Цацрагаар шарсан үнэт чулууг үргэлжлүүлэн боловсруулах эсвэл олон нийт хэрэглэхээс өмнө цацрагийн түвшин буурч, зөвшөөрөгдсөн түвшинд хүртэл хадгалах хэрэгтэй байдаг. ОУАЭА-аас цацраг идэвхт материал агуулсан үнэт чулуу болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах үндэслэл, зөвшөөрөл олгох, хяналт хийх улс орнуудад зааварлах стандартыг боловсруулж гаргасан байдаг.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд тавигдах цацрагийн аюулгүй ажиллагаа

Зүсэлт хийгдээгүй байхаас эхлээд өнгөлөөд хүзүүний зүүлт дээр бэхлэх үе зэрэг аль ч шатанд цацрагаар шарж болдог. Үнэт чулууны худалдаачид хүссэн өнгөө гаргаж авахын тулд ихэвчлэн цацрагаар шарах аргыг ашигладаг. Үнэт чулууг цацраг идэвхийн түвшин нь байгалийн задралаараа буурч ОУАЭА-ийн олон улсын аюулгүй ажиллагааны стандартууд эсвэл үндэсний стандартад заасан аюулгүй хэмжээнд хүртэл шарлагын байгууламжид хэсэг хугацаанд хадгалдаг.

Хэрэв дүрэм журам, хяналт шалгалт хангалттай биш тохиолдолд шарагдсан үнэт чулуу нь харьцангуй өндөр тунг үүсгэж, энэ нь арьсанд нөлөөлснөөр арьс түлэгдэх магадлалтай. Тиймээс хяналт шалгалтын орчин нь үнэт чулуутай болгоомжтой харьцах, заавар, удирдамжийн дагуу худалдаанд бэлтгэхэд чухал үүрэгтэй юм.

Тухайн улс цацрагаар шарсан үнэт чулуу үйлдвэрлэж, худалдаалах тохиолдолд ОУАЭА-аас тус улсад шарлагын байгууламжийн чанарын баталгаа, баталгаажуулалтын хөтөлбөрийг хэрхэн үр дүнтэй бий болгож, хэрэгжүүлэхийг тусгасан ОУАЭА-ийн аюулгүй ажиллагааны стандартуудыг хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс дээш цацраг идэвхтэй үнэт чулууг шарлагын дараа олон нийтэд худалдаалахгүй ба цацрагийн түвшнийг бууртал нь хадгалж, үнэт чулуунаас тодорхой хэсгийг баримт болгон авдаг. Үүнд шошгололт, тодорхой цацраг идэвхт цөмүүдийн идэвхийн агуулгын үнэлгээ, задрал болон задрах хугацааны тооцоо, аюулгүй хадгалах зохицуулалт, хадгалах нөхцөл зэргийг авч үздэг.

ОУАЭА, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болон Цөмийн энергийн агентлаг хамтран гаргасан Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний цацрагийн аюулгүй ажиллагааны гарын авлага нь цацрагийн үүсгүүр бүхий утаа мэдрэгч, вольфрамын гагнуурын электрод, өндөр эрчимтэй цэнэгтэй ламп зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тавигддаг шаардлагатай адилаар үнэт чулууг аюулгүй үйлдвэрлэх, ханган нийлүүлэхэд тусалдаг. Энэ нь улс орнуудад зохих түвшний хяналтыг бий болгох, баталгаагүй өргөн хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалтаас урьдчилан сэргийлэх, баталгаатай бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх боломжийг бий болгодог.