НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ОЛГОЛОО

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН НЭГДҮГЭЭР ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ОЛГОЛОО

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулиас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтыг байгалийн шинжлэх ухаан, инженер технологи руу чиглүүлэх зорилгоор 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан “Universum Sapientiam” арга хэмжээнд “Ионжуулагч цацраг, түүний хэрэглээ ба Цөмийн инженерчлэл хөтөлбөр” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж, байгалийн цацрагийн дэвсгэр түвшний хэмжилт хийх, үүлэн камер ашиглан сансрын цацрагийн болон ураны хүдрээс ялгарч буй ионжуулагч цацрагийн мөрийг ажиглах зэрэг туршилтуудыг хамтран хийлээ.

Арга хэмжээгээр ионжуулагч цацрагийн тухай ерөнхий ойлголтыг өгч, эрүүл мэнд, геологи, уул уурхай, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, цацрагийн хамгаалалт болон цөмийн эрчим хүчний чиг хандлагын талаар мэдээлэл олгож, ионжуулагч цацраг хэмжигч багаж хэрэгслийг танилцуулсан.

Мөн МУИС-ийн Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн талаар болон уг хөтөлбөрөөр сурч мэргэжил эзэмшсэнээр дотоод болон гадаадад ажиллах боломжтой салбарууд, цаашид энэ чиглэлээр сурч боловсрох, идэвх санаачилгыг дэмжих, танин мэдүүлэх чиглэлээр сурагчдад мэдээлэл өглөө.

МУИС нь 1968 оноос эхлэн физикийн ангиас цөөн оюутныг бүлгээр хичээллүүлэн цөмийн физикээр мэргэшүүлж, 1993 оноос цөмийн технологийн мэргэжлийн хөтөлбөрийг нээж, жил бүр 25 орчим оюутан элсүүлэн суралцуулж байгаагийн зэрэгцээ цөмийн физик, инженерчлэлийн чиглэлээр магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн цөмийн технологийн хөтөлбөрийг 2012 онд нээгдсэн цөмийн эрчим хүчний хөтөлбөртэй 2014 оноос нэгтгэж тэдгээрт байсан үндсэн хичээлүүдийг багцлан, цөмийн инженерчлэл хөтөлбөрөөр боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар МУИС-ийн Цөмийн инженерчлэл хөтөлбөрийн бакалаврын хөтөлбөрт 49, магистрын хөтөлбөрт 14, докторын хөтөлбөрт 7 оюутан тус тус суралцаж байна.

Цөмийн инженерчлэл хөтөлбөр нь хэрэглээний цөмийн физик, нейтроны болон реакторын физик, цөмийн реакторын онол, цөмийн түлшний цикл, радиохими, уран баяжуулах технологи, эрчим хүчний реакторын технологи, цацрагийн экологи, эмнэлгийн цөмийн технологи зэрэг цөмийн инженер зүйн мэдлэг эзэмшиж түүнийгээ шинжлэх ухаан боловсрол, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, геологи хайгуул, байгаль орчны хяналт, анагаах ухаан, эрүүл ахуй зэрэг төрөл бүрийн салбарт ашиглах мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэж байна.