Их британийн компаниуд салхин болон бага оврын модульяр реактор хосолсон системийг төлөвлөж байна.

Хосолсон цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг Их Британид төвтэй Shearwater Energy компани салхи болон бага оврын модульяр реактор (БОМР)-аар устөрөгчийн үйлдвэрлэх хослуулсан энергийн төслийг Хойд Уэлс-т боловсруулж байна.

Shearwater компани нь “Nuscale”–ийн бага оврын реакторыг сонгон шалгаруулж, тус реакторын төслийг урагшлуулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.   

Энэхүү төслөөр нүүрстөрөгчийн ялгаралгүй 3 ГВт-ын хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр барьж, Их Британийн тээврийн салбарт ашиглах 3 сая гаруй килограмм ногоон устөрөгч үйлдвэрлэх зэргээр эрчим хүчийг бүрэн ашиглах боломжийг бүрдүүлэх  төсөл гэж Shearwater-аас хэлжээ. Тус компани Их Британийн Засгийн газар болон Уэльс, Умард Ирланд, Шотландын Засгийн газруудад уг саналаа хүргүүлсэн байна.  

Санамж бичгийн хүрээнд Shearwater болон NuScale компаниуд Их Британийн нутаг дэвсгэрт NuScale бага оврын реакторт суурилсан цөмийн эрчим хүч, далайн салхины эрчим  хүч, устөрөгчийн үйлдвэрлэлийн тэргүүлэх боломжийг судална. Олон улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөж, нүүрстөрөгч бага ялгаруулах эрчим хүчийг илүү уян хатан, найдвартай үйлдвэрлэх хамтын ажиллагаа улам бүр нэмэгдсээр байна.   

Их Британийн нийлүүлэлтийн сүлжээнд NuScale-ийн хийсэн үнэлгээгээр NuScale станцын үйлдвэрлэлийн 75%-иас дээш хувийг Их Британиас авах боломжтой гэж дүгнэжээ.  

“Томоохон дулааны станцуудыг барихад өндөр өртөг зарцуулах ба нүүрстөрөгчгүй технологийг хослуулах нь өртөг бага зарцуулахаас гадна ижил гүйцэтгэлийг олж авах боломжийг олгодог” гэж Shearwater компанийн гүйцэтгэх захирал Саймон Форстер хэлэв. 

Уг БОМР, салхин цахилгаан станцыг хослуулсан 3 ГВт хүчин чадалтай, аюулгүй ажиллагаатай, нүүрстөрөгч ялгаруулахгүй, устөрөгч үйлдвэрлэх ажил 2027 оноос эхлэх боломжтой ажээ.  

Их Британи Улс 2030 он гэхэд далайн салхины ашиглалтыг нэмэгдүүлэх, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг цэвэр тэглэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд БОМР-ийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.  

Салхи-цөмийн эрчим хүчний хосолсон систем нь тасалдалт, сүлжээний тогтворгүй байдал зэрэг асуудлуудыг даван туулах найдвартай, ачаалал даах чадвараар бүрэн хангагдах ба үйлдвэрлэж буй ногоон устөрөгч нь аж үйлдвэр, тээвэр, эрчим хүч, орон сууцыг нүүрстөрөгчгүй, хямд, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлэх шинэ шийдэл болох юм.   

Өнгөрсөн оны 8 дугаар сард АНУ-ын Цөмийн Хяналтын Комиссоос NuScale-ийн зураг, төслийг баталж, анхны БОМР хөгжүүлэгч болжээ. NuScale компанийн анхны захиалагч станцаа 2023 онд АНУ-ын Айдохо мужид барьж эхлэх болно гэжээ.

NuScale загвар нь уурын болон дулаан солилцооны бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэсэн даралтат усан хөргүүртэй реактор юм. Нэг модуль нь 77МВт чадалтай, нийт 12 модультай 924МВт чадалтайгаар баригдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу:

https://www.world-nuclear-news.org/Articles/UK-firm-plans-wind-SMR-hybrid-system-with-NuScale

https://shearwaterenergy.co.uk/wylfa-smr-wind-hybrid-power