ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨТӨЛБӨР, ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЖ БАЙНА.

Монгол Улс эрчим хүчний хангамжаа олон төрлийн эх үүсвэрээс хангах, ялангуяа эрчим хүчний дутагдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ногоон эрчим хүч ашиглах зэрэгт цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийн талаар хэлэлцэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “...цөмийн эрчим хүч ашиглах бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ” гэж тусаад байгаа билээ. Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Цөмийн эрчим хүчийг ашиглах ашиглах боломжийг судлах болон цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг бэхжүүлэх” сэдэвт төслийг энэ оноос эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ОУАЭА-ийн экспертүүд хүрэлцэн ирж, Цөмийн энергийн комисс, МУИС-аас хамтран зохион байгуулж буй “Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн асуудлууд: Үндэсний байр суурь ба эрчим хүчний төлөвлөлт” сэдэвт үндэсний семинарт оролцон мэдээлэл хийж байна. Тус семинарын зорилго нь цөмийн эрчим хүчний хөтөлбөр гэж юу вэ, цөмийн эрчим хүчийг ашиглахад улс орнууд дэд бүтцийн 19 асуудлыг хэрхэн хангах, ялангуяа Засгийн газрын үүрэг, хариуцлага, санхүүжилт, эрчим хүчний төлөвлөлт, стратегийг хэрхэн боловсруулах, оролцогч талуудын үүрэг хариуцлага, урьдчилсан ТЭЗҮ бэлтгэхэд анхаарах асуудал зэрэг олон асуудлыг Эстони, Пакистан улсын туршлага дээр тулгуурлан манай улсын мэргэжлийн албан хаагчид, байгууллага, шийдвэр гаргагчдад мэдээлэл өгөхөд оршиж байна. Энэ арга хэмжээ МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба семинарт Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цөмийн энергийн комисс, Эрчим хүчний зохицуулах хороо, МУИС, ШУТИС, ШУА-ийн хүрээлэнгүүд зэрэг төрийн болон төрийн бус 25 байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцож байна.