“РЕАКТОРЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ” СЭДЭВТ ДАГАЛДАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургалтад Эрчим хүчний яам, Боловсрол шинжлэх ухааны яамны Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэн, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль зэрэг төрийн 7 байгууллагын 15 албан хаагчид хамрагдсан.

Сургалтаар Японы атомын энергийн агентлагийн Хүний нөөцийг хөгжүүлэх төвийн сургагч багш болон МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн сургагч багшаар бэлтгэгдсэн албан хаагчид цөмийн эрчим хүчний станцын төрлүүд, ажиллах зарчим, аюулгүй ажиллагаа, бага чадлын реакторын технологи зэрэг сэдвүүдээр хичээл заасан.

Цөмийн энергийн газар /хуучнаар/, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хооронд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, аюулгүй байдал болон хамгаалалтын баталгааг хангах замаар цөмийн энергийн болон ураны нөөцийг ашиглахад хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий санамж бичгийг 2010 онд байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд Японы Атомын энергийн агентлаг /ЯАЭА/-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс зохион байгуулсан “Цөмийн аюулгүй байдлын семинар”, “Цөмийн материалын биет хамгаалалт”, “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Судлаачдын солилцооны хөтөлбөр”, “Анхан шатны мэдлэг олгох сургалт”, “Реакторынинженерчлэл” зэрэг сургалтуудад 2010-2022 онуудад манай улсын 100 гаруй судлаач, мэргэжилтнүүд хамрагдаад байна.

Энэ хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба, ЯАЭА-ийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвтэй хамтран 2014 оноос дагалдах сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны байдлаар “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”,“Гадаад орчны цацрагийн хяналт”, “Реакторын инженерчлэл” зэрэг 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор нийт 30 байгууллагын 460 албан хаагчийг хамруулж, уг дагалдах сургалтуудыг жил бүр зохион байгуулж байна.